Төв талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна.
Хэсгийн шатнаас II болон III байранд орсон багууд плэй-ин буюу хасагдах шатны эхний даваанд хоорондоо учраа таарсан. Монголын эмэгтэй шигшээ баг "D" хэсгээс II байраар гарсан тул "A" хэсгийн III бичигдсэн БНХАУ-ын багтай өрсөлдөв.
Хоёр багийн өрсөлдөөн тун ширүүн болж, үндсэн цаг 19:19-өөр өндөрлөсөн юм. Улмаар нэмэлт цагт О.Хулан, Б.Ариунцэцэг нар дараалан оноо авснаар Монголын шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэгч БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхлээ.
Ингэснээр нутагтаа болж буй ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч, маргааш буюу энэ сарын 28-ны Бямба гарагт АНУ-ын багтай өрсөлдөхөөр болов. Тус тоглолт 19:20 цагт эхлэх хуваарьтай.
Монголын эмэгтэй шигшээ баг 2019 оны ДАШТ-д анх удаа оролцож байв. Улмаар 2022 оны дэлхийн дэвжээнд хэсгээсээ шалгарч, шөвгийн 16-д Францын багт дийлдсэн нь оргил амжилт.
Тэгвэл энэ удаад түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгараад байна.