Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна.
Монгол Улс НҮБ-д элсэх хүсэлтээ анх 1946 онд гаргасан бөгөөд олон жилийн дипломат хүчин чармайлтын үр дүнд 1961 онд гишүүнээр элссэн юм. Тухайн үеийн олон улсын улс төрийн нөхцөл байдал, их гүрнүүдийн байр суурийн зөрүүгээс шалтгаалан Монгол Улсын гишүүнчлэлийн асуудал олон жил хойшилжээ. Харин 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхийг зөвлөж, аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар гишүүнчлэлийг баталсан байна.
НҮБ-д элссэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд бататгаж, дэлхийн улс орнуудтай дипломат харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Өдгөө Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон улсын энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгааллын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.