Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн ихэнх нутгаар салхи ширүүсэж, хүйтрэхийг анхаарууллаа.
Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнод аймгийн хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орно. Салхи секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан байх бол бусад нутгаар -1...-6 градус хүйтэрнэ.
Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүсэх бөгөөд агаарын температур өмнөх өдрөөс 6 градусаар буурч, -1...-3 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор цас орж, цасан шуурга шуурах бол Багануур орчмоор цас орохгүй. Эдгээр нутгаар мөн салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ