Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Ариунзаяа 2019 оноос хойш тасраад байсан залуучуудын дэлхийн аваргын медалийн буухиаг алтаар үргэлжлүүлээ. Тодруулбал, Т.Ариунзаяа Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн залуучуудын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд зодоглож түрүүлэв. Алтан медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчин Золдошева Занарыг сугадаж тонгороод цэвэр ялсан байна. Ийн тэрбээр өсвөр үе, залуучуудын ангиллын дэлхийн аваргад хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны жүдоч, хэмээх түүхэн амжилтын эзэн боллоо. Түүнчлэн Залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын гурав дахь жүдочоор тодров.
Т.Ариунзаяа энэ жил 18 настай, 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгарах тэмцээнд мөн түрүүлсэн. Тэрбээр энэ жил амжилтын богц дүүрэн буй. Тухайлбал, 2026 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруудах тэмцээнд анх удаа түрүүлсэн. Мөн энэ намар болсон "Айчи-Нагоя" Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. 2019 онд Морокко Улсын Мараккеш хотноо зохион байгуулагдсан залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -52 кг-ын жинд зодоглосон манай улсын тамирчин Л.Сосорбарам аваргалж байсан юм.
Энэ сарын 19-нд эхэлсэн “Ташкент-2026” тэмцээнд 78 орны 574 залуу жүдоч оролцохоор бүртгүүлжээ. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд, нийт 18 тамирчин хүч сорьж байгаа юм. Монголын багийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахлан оролцож буй.