Үндэсний статистикийн хорооноос инфляци 2023 оны хоёрдугаар сард 12.2 хувьд хүрч өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан гэж мэдээллээ.
Монголбанкнаас 2023 оны IV улиралдаа инфляци нэг оронтой тоонд, болбол зорилтот түвшин буюу зургаан хувь болон түүн дээр нэмэх, хасах хоёр хувьд хүргэх төсөөлөлтэй байна. Цар тахал болон Орос Украины мөргөлдөөний нөлөөгөөр саарсан дэлхийн эдийн байдал 2024 онд тогтворжино хэмээн төсөөлж байгаа ба АНУ болон Европын орнуудын төвбанкууд ч 2024 онд л зорилтот түвшиндээ хүрнэ хэмээн төсөөлж буй юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зорилтот түвшин гэх ойлголт улс орнуудын хувьд сонирхолтой сэдэв болсон. Ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн банк хоёр хувийн зорилтот түвшнээ нэмж, 3-4 болговол яасан юм бэ? гэж байна. Нэмэх тухай яригдахад мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсэв. Нэг хэсэг нь яагаад 2 хувийг өсгөх гээд байна вэ? 2 хувь яагаад зохистой тоо биш болов? гэх мэтээр мэтгэлцэж эхэлсэн гэв.
Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улс орнуудын хувьд бүх зүйл нь тогтворжсон байдаг учир нэг нэгж хувийн зөрүүн дээр ийн эмзэглэж, маргаан үүсгэж байгааг анзаарав уу?
Инфляци 12.2 хувьтай гарахад 36.1 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүн буюу хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд анх удаа зорилтот түвшинтэй болсон. Манай улсын хувьд 8 хувь зорилтот түвшин. Монгол Улс жижиг эдийн засагтай, хэрэглээний сагсан дахь 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тал хувийг импортын буюу хилийн чанадаас авдаг, гадаад хүчин зүйлийн нөлөө ихтэй тул дотооддоо удирдах боломжгүй юм. Тиймээс өсөлт огцом нэмэгдэх магадлалтай байдаг учир 6-8 хувийн коридор дотор зорилтот түвшинг барихыг эрмэлзэж байна. 2023 оны хоёрдугаар сарын байдлаар инфляцын 45.1 хувьд импортын бараа бүтээгдэхүүний үнэ нөлөөлжээ.
ҮСХ-ноос танилцуулснаар инфляци 12.2 хувьтай гарахад 36.1 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүн буюу хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн байна.
Хүнсний бүлгийг авч үзвэл:
2022 оны аравдугаар сард гурилын үнэ 50 хувиар өссөн. Үүнийг дагаад талх, гурил түүнтэй ижил төрлийн бараа болох будаа 32.4 хувь, өөх тос /бараг 100 хувь импортоор/ 35.4 хувь, согтууруулах бус ундаа 21.2 хувь, хүнсний ногоо 11.5 хувь, сүү 21.7 хувиар өссөн бол мах махан бүтээгдэхүүний үнэ 4.7 хувиар буурсан бөгөөд эдгээр үнийн өсөлт тогтворжвол инфляци буурах боломжтой гэж Төвбанк үзэж байна.
ҮСХ: 2022 ОНД ЭДИЙН ЗАСАГ 4.8 ХУВИАР ӨСӨВ
Манай улсын эдийн засаг ковидын үед буюу 2020 онд -4.6 хувиар буурсан. Энэ бууралтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилд анх удаа цар тахлын нөлөөгөөр ийм уналтад хүрсэн хэмээн тодотгосон нь бий.
Тэгвэл өнгөрөгч 2022 онд эдийн засгийн өсөлт Төвбанкны хүлээлтээс давж 4.8 хувьд хүрснээр 2019 оны үетэй харьцуулахад 1.7 хувиар өсөж, ковидын өмнөх хэвийн эдийн засгийн горимдоо гурван жилийн дараа оров.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-наас 7.6 хувьд хүрнэ гэж зарласан бол Монголбанк 4-5 хувь гэсэн төсөөлөлтэй байна. Гэвч энэ оны эхэн үеийн эдийн засгийн нөхцөлүүд хэвээр хадгалагдвал өсөлт 8 хувьд хүрэх боломж бий хэмээн Монголбанкныхан тооцоолж байна.
2022 онд манай улсын экспорт 31.3 хувь болж өссөн. Экспортын 94 хувь буюу 13-14 тэрбум доллар нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 31 сая тоннд хүрсэн нь экспортын өсөлтөд сайнаар нөлөөлсөн. Экспортын гол дөрвөн бүтээгдэхүүн нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-наас 7.6 хувьд хүрнэ гэж зарласан бол Монголбанк 4-5 хувь гэсэн төсөөлөлтэй байна.
Эдийн засгийн 4.8 хувийн өсөлтөд санхүүгийн салбарын олгосон зээл багагүй нөлөө үзүүлжээ. Арилжааны банкуудас зээл хангалттай хэмжээгээр гарч байна. 2022 онд банкны салбараас олгосон зээл өмнөх оноос 1.3 их наяд төгрөг буюу 6.5 хувиар өсөж 31.4 их наяд төгрөгт хүрсэн. Төлөгдсөн зээл нь 29 их наяд болж өмнөх оноос 21 хувиар өссөн. Зээлийн өрийн үлдэгдэл 2 их наядаар өсөж, өнөөдрийн байдлаар 23 их наядын хэмжээнд байна. Банк санхүүгийн салбараас хувийн секторт очиж буй зээл тасалдаагүй, эдийн засагт үр нөлөөгөө өгсөн нь эдийн засгийн өсөлт болж илэрлээ. 2022 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өссөн байна.
Зээлийн хүү 2019 оноос эхлэн эрчимтэй буурсан ч 2020 оноос ковид гарснаар аажмаар өссөн. Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 14.8 хувь байна хэмээн Төвбанкны ерөнхийлөгч энэ сард сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдсан билээ.
2022 оны эдийн засгийн өсөлтийг задалж харахад:
Уул уурхайн салбарын өсөлт 2019 оны ковидын өмнөх түвшиндээ хараахан очоогүй байгаа. Харин уул уурхайн бус худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарт 4-5 хувийн өсөлт гарсан. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн сэргэлт баталгаажиж тогтвортой түвшинд хүрээгүй эмзэг хэвээр байгааг мартаж болохгүй. Тогтворжуулах бодлого явуулах ёстой аж.
Тийм ч учраас Мөнгөний бодлогын зөвлөл гуравдугаар сарын 14, 15-нд хуралдаж, бодлогын хүүг өсгөхгүй, хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа үүнтэй холбон тайлбарласан билээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр БНСУ, Индонезийн Төвбанк нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх шийдвэрээ зарласан. Монгол Улсын Төвбанк ч бодлогын хүүг хэвээр хадгалах бодлого барьж байна. Инфляци энэ оны хагасаас хойш нэг оронтой тоонд орвол бодлогын хүүг инфляцид нийцүүлэн бууруулах боломж бүрдэнэ гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьсан.