Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ хуралдаанаар их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 150 мянга орчим оюутныг эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамаарч, эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношилгоонд хамруулах шийдвэр гаргажээ.
Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог энэ жил 1500 болгон, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон байна.
Оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт ихээр өртөж байгааг зогсоохын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй хэлэлцээрт орж, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж шийдвэрлэхээр болжээ.
Оюутнуудад номын сан хүрэлцэхгүй байгаа тул Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит зургаан их сургуулийн номын сан, мөн Нацагдоржийн нэрэмжит номын санг 24 цагаар ажиллуулахаар болжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудал дуулиан тарьж буй. 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан 2000 гаруй суралцагчдаас 230 нь зээлийн гэрээний нөхцөлөө биелүүлээгүйгээс улсад 10 орчим тэрбум төгрөгийн эрсдэл учирч байгаа тул хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллах болсныг санууллаа.