Засгийн газраас зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Цаг хөдөлгөх зохицуулалтыг оруулах зорилгоор санал авч эхэллээ” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн.
Одоогоор Засгийн газраас эцсийн шийдвэр гараагүй байна. Цагаа хөдөлгөх нэг шалтгаан нь эрчим хүчний хэмнэлт гэж ЗГХЭГ-ын дарга тайлбарласан. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн, эсэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад дараах хариуг өгөв:
Эдийн засаг, нийгэм хүн ам зүйн хувьд болон эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт хэрхэн хамаарч байгааг судалгаагаар тогтоох шаардлагатай.
-Дэлхийн 80 гаруй улс зуны цагийн хуваарийг ашиглаж байна. Улс орнууд газар зүйн байдлаасаа хамаарч зуны цагийн хуваарьт шилжих зохицуулалтыг хийсээр байна. Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн зуны цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар урагшлуулж, нарны гэрэлд илүү их цагаа өнгөрөөх боломжтой болдог. Зуны цагийн хуваарьт шилжсэнээр үйлдвэржсэн, хөгжингүй улсуудад эдийн засгийн үр ашиг дээшлэх, эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой гэсэн судалгаа тооцоо олон. Хүний эрүүл мэндэд, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой гэсэн судалгаа ч байна.
Анх АНУ-ын Ерөнхийлөгч Бенжамин Франклин 1784 онд зуны цагийн хуваарьт шилжих саналыг дэвшүүлсэн гэж үздэг. Зуны цагийн үр нөлөөг үнэлсэн анхны судалгаа нь 1970-аад оны нефтийн хямралын үеэр хийгдсэн бөгөөд АНУ-ын Тээврийн яамнаас хийсэн тус судалгааны үр дүнд зуны цагийн хуваарьт шилжсэнээр АНУ-ын хэмжээнд цахилгааны жилийн хэрэглээг 1 хувиар бууруулсан гэж үзжээ.
Мөн Шинэ Зеланд Улсын Эрчим хүчний яамнаас зуны цагийн хуваарьт шилжсэнээр цахилгааны хэрэглээ тус улсын хэмжээнд 3.5 хувиар буурах судалгааг хийсэн байна. 2002 оноос хойш Исландаас бусад Европын Холбооны бүх улс гурав, аравдугаар сарын сүүлийн ням гарагт цагаа тохируулдаг болсон. Их Британид өвлийн улиралд цагийг нэг цагаар урагшлуулснаар эрчим хүчний нийт хэрэглээ 0.3%-иар буурах боломжтой гэж үзжээ.
АНУ-ын Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгээс дэлхийн хэмжээнд өвөл зуны цагийн хуваарьт шилжиж хэвшсэнээр 2050 оны түвшинд барилгын болон ахуйн эрчим хүчний хэрэглээнд хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. Судалгааны хүрээнд 15 хотын барилга байгууламжийн мэдээллийг цуглуулж, математик загварчлалын аргыг ашиглан судалсан байна. Хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж дүгнэжээ.
Манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжээд, 1999 онд хүчингүй болж, Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн байдаг.
Гэвч 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгож байсан юм. Цагийг ингэж урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог байна.
Өрхийн түвшинд байгалийн гэрэлтүүлгийг илүү ашигласнаар тодорхой хэмжээнд эрчим хүч хэмнэх боломжтой.
Хамгийн сүүлд Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар орон даяар зуны цагийн хуваарьт шилжих шийдвэрийг гаргажээ. Манай Улсад эрчим хүч хэмнэх талаар хийсэн нарийн судалгаа хараахан байхгүй. Үйлчилгээний салбар, өрхийн хэмжээнд байгалийн гэрлийг илүү ашигласнаар барилга байгууламжийн гэрэлтүүлэг, халаалт, агаар сэлгэлт, ахуйн гэрэлтүүлгээс тодорхой хэмжээнд цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой.
Эдийн засгийн үйл ажиллагааны гол салбаруудад нарийвчлан авч үзэх шаардлагатай бөгөөд зун, өвлийн цагийн хуваарьт шилжсэнээр эдийн засаг, нийгэм хүн ам зүйн хувьд болон эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт хэрхэн хамаарч байгааг судалгаагаар тогтоох шаардлагатай.
Анхдагч эрчим хүчний жилийн хэрэглээний 7 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч болгон хувиргаж хэрэглэдэг бөгөөд 2021 оны байдлаар 740 мянга орчим хэрэглэгч 5.8 тэрбум орчим кВт.ц цахилгаан эрчим хүчээр хэрэглэжээ.
Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 92 хувь айл өрх, 8 хувь нь аж ахуйн нэгж байгууллага байсан бол хэрэглээний 70 хувийг аж ахуй нэгж байгууллага, 30 хувийг айл өрх эзэлж байна. Өрхийн эрчим хүчний хэрэглээний 5 хувийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн судалгаанд үндэслэн тооцвол өрхийн түвшинд байгалийн гэрэлтүүлгийг илүү ашигласнаар тодорхой хэмжээнд эрчим хүч хэмнэх боломжтой.