Ардчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалт "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт" сэдвийн хүрээнд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан.
Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үеэр Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухай ярилцсан байна.
Сайд Х.Нямбаатар "Манай улсаас оролцсон бүрэлдэхүүн хэд хэдэн орны хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ярилцлаа. Үүний дараа Филиппинд очиж, тус улсын хууль сахиулах байгууллагатай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.
Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлэх утга бүхий албан бичгүүдээ гардуулан өгсөн.
Ингэснээр Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 10 гаруй цаг албадан саатуулсан.
Бидний тавьсан хүсэлт болон иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гаргахад татгалзах зүйлгүй гэснээр процессын урт ажлууд явагдлаа.
Түүнийг өнгөрсөн шөнө 01:00 цагийн нислэгээр Сөүлээр дамжуулж, сая Улаанбаатарт авчирсан" хэмээв.
Түүнчлэн Шувуу ажиллагааны хүрээнд "Бусад улсаас өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг эрх зүйн туслалцаа авах замаар ирүүлэх арга хэмжээг авна. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаахаар шийдвэрлэсэн. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан. Аль улсаас хэнийг, хэзээ авчрахыг хэлэх боломжгүй. Ажлын хэсэг дээр ярилцсан, төлөвлөсөн, гадаад харилцааны шугамаар холбогдож байгаа зүйл бий" хэмээв.
Филиппин улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга Т.Сүхболд нар ажиллажээ.