Боловсролын салбарын багш, ажилтнууд цалингаа нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахын төлөө нийслэлийн төв талбайд өнөөдөр жагсаж байна.
Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх нь буруу ойлголт. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн.
Засгийн газар, яам, Үйлдвэрчний эвлэл нь гурван талт гэрээтэй бөгөөд хоёр жил тутамд дүгнэдэг. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээж, биелүүлсэн. Өнөөдөр багшийн доод цалин 1,005,000 төгрөгөөс эхэлж байна.
Багшийн 2022 оны арванхоёрдугаар сарын мэдээллээс харвал хамгийн доод цалин 1,005,000 цалин авч байна. Энэ бол ямар нэг нэмэгдэлгүй дүн. Уг дүнгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 822, ерөнхий боловсролын сургуулийн 2,881 багш цалинжиж байна.
1,250,000-1,500,000 төгрөгийн цалин авч байгаа цэцэрлэгийн 1,274, ЕБС-ийн 8,365 багш бий. Дундаж цалин 1,500,000 төгрөг гэдэг учир нь энэ.
Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу явах ёстой. Багш нар 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байгаа багшийн хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллан үр дүн гаргавал ийм боломж бий" гэлээ.