Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг аж. “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төслийг 2022 онд эхлүүлсэн. Энэ оны гуравдугаар сард төслийн хэрэгжүүлэлтийн гэрээг байгуулж, 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг баталсан.
НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл 2026 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй 375 угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм. Эхний ээлжид 1077 орон сууцны 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн байна.
Барилгын материалын үнэ ихээхэн өсөж буй тул шинэ барилга барилгүйгээр их засвар хийх нь төсвийг хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэх арга зам гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.
Уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм байна.