Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай өчигдөр болов. Хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийх ажлын мэдээллээ танилцууллаа.
Тухайлбал: Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 1795 зээлдэгчид 184.6 тэрбум төгрөгийн зээл олгов.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх болон гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, ногоон орон сууцны хорооллууд барьж байгуулах, эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БХБЯ Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг Олон Улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтран ажиллах хэлэлцээрүүдийг хийж байна.
"Сэлбэ сэргэлт” төсөл боловсруулахад шаардлагатай байгаль орчны үнэлгээ, инженер геологи, гидрогеологи, геодези, авто зам, гүүрэн байгууламжийн асуудлаар холбогдох тооцоо судалгаа хийж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.
Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-д “Орхоны хөндийд ”Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн урьдчилсан судалгааны баг Монгол улсад ирж ажиллав.
Бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж буй тул өргөх байгууламжуудын аюулгүй ажиллагааг хангах хүрээнд зөвлөгөөн зохион байгууламж, мэргэжлийн байгууллагууд, барилга угсралт болон ашиглалтын компаниудад аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж өгч ажиллалаа.