Их Британийн бизнес эрхлэгч Стивен Нортэм eBay сайтаас хуучин Боинг 737 онгоцыг 6165 ам.доллараар худалдан авч, засаж тохижуулжээ. Тэрээр гурван сарын хугацаанд 18,500 доллар зарцуулсан бөгөөд Airbnb-д түрээслэхээр болсон байна.
Нийтдээ тэрээр 24 мянган доллар /84.1 сая төгрөг/ зарцуулжээ.
38 настай Стивен Нортэм өнгөрсөн онд компаниа зараад цаг зав ихтэй болсон байна. eBay сайтад тэрээр хуучин онгоц олж хараад ийнхүү шинэ содон зүйл хийх санаа төржээ.
Нортэм 1968 оны Боинг 737-200 онгоц худалдан авч, амралтын тансаг сууц болгон тохижуулсан байна. Тэрээр энэ ажлаа “бизнесийн эх үүсвэр болохуйц хөгжилтэй бас сонирхолтой төсөл байлаа” гэжээ.
Гэвч онгоц худалдаж аваад гэртээ хүргүүлэх нь тийм ч амар ажил биш байсан гэнэ. Тэрээр тээврийн компанид хандан кранаар хүргүүлэхийн тулд гурван сар зарцуулжээ. Уг онгоцыг Чичестер коллежоос худалдаж авсан бөгөөд нисэх багийнхныг сургахад ашигладаг байсан гэнэ. Анх ирэхдээ орчин нөхцөл нь бохир, тийм ч таатай биш байсан аж. Учир нь ашиглаагүй 10 гаруй жил өнгөрсөн байжээ.
Тэрээр 2022 оны долоогоос есдүгээр сар хүртэл тохижуулахдаа бүгдийг ганцаараа, өөрийн гараар хийсэн байна. Стивен бүх суудлыг нь автал цэлийсэн том талбайтай болсон тул илүү тохитой орчин бүрдүүлэхээр ор, буйдан, гал тогоотой болгожээ.
Тэрээр бүгдийг ганцаараа, өөрийн гараар хийжээ
Мөн WiFi сүлжээ, ухаалаг зурагт, Xbox тавьж, орчин үеийн загвартай болгон тохижуулсан байна. Түүнчлэн агааржуулагч суурилуулснаар онгоцны бүхээгийг бүхэлд нь дулаацуулж, сэрүүцүүлэх боломжтой болжээ.
Онгоцыг орчин үеийн загвараар тохижуулсан ч хуучин суудал, хамгаалалтын бүс, гар тээшний сав, ариун цэврийн өрөөг хэвээр нь үлдээжээ
Хэдийгээр онгоцыг орчин үеийн загвараар тохижуулсан ч ерөнхий өнгө төрхийг нь мөн хадгалахыг хүсэж, хуучин суудал, хамгаалалтын бүс, гар тээшний сав, ариун цэврийн өрөөг хэвээр нь үлдээсэн байна.
Бас нэгэн сонирхолтой хэсэг нь шилэн шал. Уг шалны доор ачаа хадгалах хэсэг байсан бол одоо онцгой нэгэн унтлагын өрөө болжээ. Дээрээ ганц хүний хоёр байгаа бол доороо хоёр хүний нэг, нийтдээ тус онгоцонд дөрвөн хүн унтах боломжтой юм байна.
Онгоцны ачаа тээвэрлэх хэсгийг унтлагын өрөө болгон тохижуулжээ
Мөн гаднаа нарлах сандал, мах шарах орон зай бий болгосноос гадна онгоцны хөдөлгүүрээр хийсэн халуун усны онгоцонд тухлах боломжтой болжээ. Харин нөгөө хөдөлгүүрийг нь онгоцноос салгаагүй бөгөөд сандал болгон ашиглаж болох гэнэ.
Хөдөлгүүрээр халуун усны онгоц хийжээ. Нөгөө хөдөлгүүрийг нь онгоцноос салгаагүй бөгөөд сандал болгон ашиглах боломжтой
Нисгэгчийн бүхээгт Нортэм компьютер тоглоом суурилуулжээ. Тэрээр “Ингэснээр хүмүүс онгоцны нисгэгчийн хэсгийг үзэх боломжтойгоос гадна алжаалаа тайлан тоглох боломжийг бүрдүүлсэн” гэв.
Нисгэгчийн хэсэгт компьютер тоглоом суурилуулжээ
Нортэм онгоцоо хоногийн 185 доллараар түрээслэхээр төлөвлөж байгаа бөгөөд аль хэдийн захиалахыг хүссэн хүмүүсийн уртаас урт жагсаалт үүсээд байгаа гэнэ. Хүмүүс хүүхэдтэйгээ ирэх сонирхолтой байгаа ч Нортэм үдэшлэг зохиоход ч тохиромжтой газар болсон гэв. Тэрээр цаашдаа ачааны автомашиныг аяллын машин болон тохижуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Business Insider