Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: 13А маягтыг цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй дөрвөн төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой боллоо.
13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.
13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүллээ.
Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.