Гадаадын 99 улсын 5700 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дурын ажил хөдөлмөр эрхэлж байна.
2023 оны эхний улиралд Монгол Улсаас БНСУ руу 188 хүн, Япон улс руу 28 хүн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр явсан байна. Энэ нь өмнөх улирлаас 22.9 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Харин Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо энэ оны эхний улиралд 2022 оны IV улирлаас 45.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. I улирлын байдлаар гадаадын 99 улсын 5700 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дурын ажил хөдөлмөр эрхэлж байсан аж. Тэдний 43 хувь нь БНХАУ, 8.9 хувь нь БНСУ, 8.9 хувь нь Вьетнам, 6.4 хувь нь ОХУ-ын иргэд байгаа бөгөөд 16.6 хувь нь 35-39 насныхан байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд уул уурхай, боловсрол, худалдаа, автомашин, мотоциклын засвар үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна.
2023 оны эхний улиралд уул уурхайн салбарт ажиллагсдын нийт дүнд эзлэх хувь буурч, 29.4 хувь, барилгын салбарынх 11.3 хувь болжээ.
Харин боловсролын салбарт ажиллагсдын тоо өсөж, 17.8 хувь болсон бол бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоциклын засвар үйлчилгээний салбарт ажиллагсдынх 11.6 хувь болж, нэмэгдсэн байна.