Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээж авч уулзлаа.
Сайд уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк (АХБ) бол Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч, гол түншлэгч байгууллагын нэг бөгөөд 1991 оноос хойш эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн үйл ажиллагаанд санхүүгийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлээд “АХБ-тай хамтран ажилласан 30 жилийн хугацаанд нийтдээ 84.9 сая ам.долларын өртөг бүхий зээлийн таван төсөл, 37 сая ам.долларын өртөг бүхий долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.6 сая ам.долларын өртөг бүхий техник туслалцааны 15 төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Мөн 2019 онд баталсан, нийт 163 сая ам.долларын санхүүжилт бүхий “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Манай улсад АХБ-ны дэмжлэгтэйгээр 2013 оноос хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эмийн аюулгүй байдлыг улс даяар сайжруулах гэсэн үндсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн жишиг нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барьж, ашиглалтанд оруулсан. Цусны аюулгүй байдал хангах чиглэлээр “Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ байртай болж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй аймаг, нийслэлийн 26 цусны салбар төвийг ижил стандартаар засварлаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах хүрээнд лавлагаа шатлалын 27 эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасаг, 20 нян судлалын лабораторийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон засварлаж, сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангах иж бүрэн шинэчлэлийг хийсэн зэрэг эрүүл мэндийн салбарт АХБ-ны дэмжлэг туслалцаатайгаар хийж гүйцэтгэсэн бодитой олон ажлыг нэрлэж болно” гээд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлыг харьцангуй хохирол багатай давахад АХБ-ны тусламж дэмжлэг асар их байсныг онцлон дурдлаа.
Суурин төлөөлөгч Павит Рамачандран АХБ Монгол Улстай хамтран ажилласан 30 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт онцгой анхаарсан бөгөөд бидний хамтын ажиллагаа Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц байсан хэмээгээд АХБ-ны хувь нэмрийг өндрөөр үнэлж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа дуусч байгаа ч хамтын ажиллагаа цаашид улам илүү эрчимтэй байж, эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн ажил бүр үр дүнтэй, өгөөж арвин байхад анхаарал тавина гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Увс аймаг болон зарим сумдад барих эмнэлгийн барилгын ажлын талаар хоёр тал санал солилцоод “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийн хоёрдугаар үе шатны зээлийн гэрээг 2024 онд батлуулах эрмэлзэлтэй ажиллаж байгаа талаар ярилцлаа.
Суурин төлөөлөгч Павит Рамачандраны Монгол Улс, АХБ хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гардуулан өглөө. Павит Рамачандраны хувьд Монголд ажилласан хугацаа нэр төрийн хэрэг төдийгүй ажил мэргэжлийн тал дээр ч онцгой он жилүүд байсан гэсэн юм.