fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-20

“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой салбаруудад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ хүрээнд ажлын байрыг дэмжих болон репо санхүүжилтийн төлөвлөгөө чухам ямар хэрэгжилттэй байж, ямар үр дүнд хүрснийг доорх тоон мэдээллээс тольдоё.

Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл:

2021 оны эцсийн байдлаар нийтдээ 1 их наяд 965.6 тэрбум төгрөгийн зээлийг 25515 зээлдэгчид олгожээ. Уг зээлийн 34 хувийг иргэдэд тэр дотроо 50 орчим хувийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт олгосон байна. 2022 онд ажлын байрыг дэмжих зээл олгогдоогүй. Харин зээлийн эргэн төлөлтийн статистикийг харвал 98.3 хувь нь хэвийн эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж байгаа бол 0.5 хувь нь л чанаргүй зээлийн ангилалд оржээ. Мөн 2022 оны эцсийн байдлаар нийт олгосон зээлийн 44.3 хувь буюу 867.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэж, үүний дотор 1728 зээлдэгч зээлээ бүрэн төлж дууссан байна. Энэхүү ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосноор улсын хэмжээнд 109,763 ажлын байрыг хадгалж, авч үлдсэн гэдгийг Сангийн яамны тайланд дурджээ.

Урт хугацаат репо санхүүжилт: 

Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 0.5 нэгж хувиар нэмэгдэж, банкуудад олгогддог, банкууд эцсийн зээлдэгчдэд 10.5 хувийн хүүтэйгээр, 2 жил хүртэлх хугацаатай олгодог зээлийн механизм юм. Монголбанк репо санхүүжилтийг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн бөгөөд 2021 онд 834.9 тэрбум, 2022 онд 476.5 тэрбум төгрөгийн зээлийг 3659 зээлдэгчдэд олгожээ. Репо санхүүжилтийн зээлийн онцлог нь эдийн засгийн тодорхой секторт урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэр олгодог. Монголбанкны репо санхүүжилт нь боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт голлон чиглэсэн. Нийт олгосон зээлийн 46 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 17 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 9 хувь нь үйлчилгээний салбарт, үлдсэн 28 хувь нь эдийн засгийн бусад салбарт олгогджээ. 2022 оны эцсийн байдлаар нийт олгосон зээлийн 0.9 хувь нь чанаргүй, 2.0 хувь нь анхаарал хандуулах ангилалд байна. Репо санхүүжилтийн зээлийг олгосноор улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 67.1 мянган ажлын байрыг хамгаалж чаджээ.

Монголын эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарлаа. Ингэснээр цар тахлын үед -4.6 хувь хүртэл унаж байсан эдийн засаг эргээд цар тахлын өмнө үеийн түвшиндөө очлоо гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Ганц Монгол Улс төдийгүй дэлхий нийт ковид-19 цар тахлын үед амаргүй нөхцөл байдлыг даван туулсан. Цар тахлын үеийн хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн удаашрал, уналтын үед дэлхийн улсуудын төв банкууд, Засгийн газрууд төсөв, мөнгөний бодлогоороо эдийн засгаа дэмжихээс гадна ард иргэдийнхээ цалин орлого, ажлын байрыг хадгалах бодлогыг хэрэгжүүлсэн. Монгол Улс ч бас цар тахлын хүнд хэцүү үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, хамгаалах, ажлын байрыг хадгалах бодлогуудыг авч хэрэгжүүлсэн.

Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг хамгаалах олон ажлуудыг энэ хугацаанд хийснээс ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд өнөөдрийг хүртэл 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалж авч үлдсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байна. Эдийн засгийн “амин сүнс” нь ажлын байр гэж ойлгож болно. Энэ утгаараа ажлын байрыг хамгаалж, хадгалж чадсан нь дээрх төлөвлөгөөний хамгийн том үр дүн болов уу. Юу ч хийгээгүй байж байгаад эсрэгээрээ 160 мянган хүн ажилгүй болсон бол өнөөдөр эдийн засгийн өсөлтийн талаар бодох ч хэрэггүй байсан биз.

Бусад мэдээ

Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-н

Д.ГАНХУЯГ: “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол” торгууд түмний бахархал,  ирээдүйг тэгшлэх чухал үйл хэрэг болно

Д.ГАНХУЯГ: “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол” торгууд түмний бахархал, ирээдүйг тэгшлэх чухал үйл хэрэг болно

Ховд аймгийн Булган суманд энэ 2024 оны 9 дүгээр сайрын 8-нд “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёсл

Ариунзул С.
Ариунзул С.