УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.
Энэ үеэр 22 дахь илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дунд сургуулийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, жирэмслэлтийн асуудал газар авлаа. Хөдөө орон нутагт дунд сургуулийн хүүхдүүд нөхөрт гарч байна. Энэ асуудал ганц Дорноговь аймагт ийм байгаа юм уу гэж бодоод бусад гишүүнээс асуухад яг адилхан гэдэг. Тэд дунд сургуульд байхдаа ээж болохгүйн тулд хүссэн хүсээгүй үр хөндүүлж байгаа. Хэдэн жилийн өмнө дунд сургуульд эрүүл мэндийн хичээл ордог байсныг болиулсан. Бэлгийн амьдрал ийм байх ёстой, ийм өвчин зовлон байдаг гэдгийг таниулах ёстой. Тэгэхээр бид эмгэнэл болж байгаа энэ асуудлаа тойроод ярих хэрэгтэй. Түүнээс биш дотуур байрны шил нь хагархай, жорлон нь тал наалттай гээд сургуулийн захирлын хэмжээний яримааргүй байна.Энэ асуудалд ХЭҮК юу бодож, хэрхэн ажиллаж байна вэ?
ХЭҮК-ын дарга Х.Жунан: Суман дахь дотуур байрны хөшиг байхгүйн улмаас хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж болзошгүй нөхцөл байдал байна.Албан бус байдлаар цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтраад тогтмол сургалт зохион байгуулж байгаа ч хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар байгаа.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа н.Болормаа: 2023 оны нэгдүгээр улиралд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг 80 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 179 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 43 хувиар буурсан.
Хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Боловсролын ерөнхий газар болон бусад байгууллагатай хамтран ажлууд зохион байгуулж байна.
Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд гэр бүлийн хамаарал бүхий этгээдээс үйлдэгдсэн нь нийт тохиолдлын 70 хувийг эзэлж байна. Энэ нь эцэг эхийн хараа хяналт, ёс суртахуун, гэр бүлийн салалт, ажилгүйдэл, архидан согтуурсантай холбоотой.
Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн мэндийн газрын дарга Д.Баярболд: Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар 462,474 эх амаржсан бөгөөд үүнээс 4.7 хувь буюу 21,900 нь өсвөр насны охин байна гэдэг статистик гарсан. Өсвөр насны төрөлтийг өмнөх онуудтай харьцуулахад 2020 онд 0.5, 2021 онд 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн 2021 онд үр хөндөлтийн 12,043 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 4.7 хувь өсвөр насныхан байгаа юм.