Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2,836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам.метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2,836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.
Зам, талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж буй. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сууц өмчлөгчдийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар