Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд болсон ахмад настнуудын уулзалтад оролцож, нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.
Уулзалтын үеэр ахмадуудын төлөөлөл олон хүүхэд төрүүлсний улмаас эрт тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс суурь тэтгэвэрт хамрагдах эсэхийг тодруулжээ. Үүнд салбарын сайд онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой гэж хариулсан байна.
Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.
Эх сурвалж: Монгол ардын нам