Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (15.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг болж, 2.3 (21.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 10 сард 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 529.2 (34.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 10 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 30.8 (2.1 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 36.4 (2.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Татварын нийт орлого энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (27.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар 852.9 (37.3 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 635.8 (36.7 хувь) тэрбум, бусад төрлийн татварын орлого 912.5 (95.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 157.3 (5.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын нийт орлого 2022 оны 10 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 403.4 (44.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 89.7 (30.4 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 97.8 (48.1 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 57.7 (29.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын нийт орлогод 2022 оны эхний 10 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.5, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.9, нийгмийн даатгалын орлогынх 1.4, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.6 нэгж хувиар өсөж, харин орлогын албан татварынх 8.1, онцгой албан татварын орлогынх 1.3 нэгж хувиар багассан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 10 сард 14 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (14.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (24.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин бараа, үйлчилгээний зардал 521.2 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1, татаас 0.6 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.1 нэгж хувиар багассан аж.
Хөрөнгийн зардал 2022 оны эхний 10 сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 680.3 (38.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 13.4, их засварын зардлынх 0.2 нэгж хувиар нэмэгдэж, бусад хөрөнгийн зардлынх 6.9, тоног төхөөрөмжийн зардлынх 5.4, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.3 нэгж хувиар багасжээ.