Хамтын ажиллагааны зөвлөлийн Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийн хүрээнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг оюутнуудын дунд хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жил Монгол Улсын 6 их сургуулийн оюутнуудаас нийт 28 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 14 бүтээл шалгарч эцсийн хэлэлцүүлэгт орлоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь олон их сургуулийг хамарсан мөн сэдвийн цар хүрээ өргөн байснаараа нь онцлог байлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанкны Судалгаа, статистикийн газар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас төлөөллүүд оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хуралд дараах бүтээлүүд шалгарлаа. Үүнд:
Тэргүүн байр:
Б.Соёлмаа, Б.Даваадэмбэрэл (СЭЗИС) – “Мөнгө угаах гэмт хэрэгт татвараас зайлсхийх болон үндэслэлгүй хөрөнгөжих асуудлын нөлөөг судлах нь”
Дэд байр:
Б.Амар-Отгон, Д.Дорждэрэм (СЭЗИС) – “Банкуудын хамтын тоглолтоор корреспондент банкны харилцааг блокчейнд суурилан сэргээх боломж”
Гуравдугаар байр:
З.Түшигмаа (Мандах) – “Цахим луйвар, залилангийн гэмт хэргийг бууруулах оновчтой арга замыг үнэлэх нь”
Тусгай байр:
Б.Мөрөн, Б.Билгүүн, Б.Тэмүүлэн (СЭЗИС) – “Виртуал хөрөнгийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө (Монгол Улсын жишээн дээр)”
Г.Отгонжаргал, Н.Жавхлан (МУИС) – “Мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт ба шийдвэрлэлтэд тулгамдаж буй асуудлууд”
Эрдэм шинжилгээний бага хуралд судалгаа ирүүлж, амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.