Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай өчигдөр уулзлаа.
Талууд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм.
Хотын захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид хотын иргэдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч буй. Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүд” хөтөлбөр чухал ач холбогдолтой. Мөн Европын холбооны зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарыг дэмжин ажилладагт талархал илэрхийлж, цаашид нийслэлийн иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл ахуйг сахиулах, урьдчилан сэргийлэх боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахад таатай байна” гэв.
Элчин сайд Аксель Никэйз “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг байгуулахдаа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл болох “Passive house” хэлбэрээр хийх төлөвлөгөөтэй байна.
Уг төслийг саяхан болсон “Европын өдөрлөг”-ийн үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг танилцуулсан. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатараас гадна хөдөө ч нэвтрүүлэх боломжтой” гэжээ.
Габриэлла Шмидт Корсито “Бидний байгуулах гэж буй Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв нь хотын төвөөс алслагдсан, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч үйлчлэх нь чухал” гэлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус төвийн газрын асуудлыг шийдвэрлэн, бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.