Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний судлаачид нэг удаа цусны шинжилгээ аваад, 50-иас илүү хавдрыг эрт үед нь илрүүлсэн байна.
Өрхийн эмчдээ өөр өөр шинж тэмдгийн улмаас хандсан 5000 хүнээс цусны шинжилгээ авчээ. Хавдартай хэмээн оношилсон өвчтөнүүдийн 2/3-ыг зөв оношилж, хавдрын байршлыг 85 хувь зөв таамагласан байна.
“Galleri” хэмээн нэрлэсэн энэ шинжилгээгээр өөр өөр хавдрын генетикийн кодуудын хэсгүүд дэх өөрчлөлтүүдийг эрж хайж, онош тогтоодог. Хавдрыг эрт илрүүлснээр олон хүний амийг аврах ач холбогдолтой.
Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэ шинжилгээг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Тэд цусны шинжилгээ авсан өвчтөнүүдээс 350 хүнийг эхо, биопси гэх мэт уламжлалт аргаар дахин оношлоход хавдартай болох нь батлагджээ.
Цусны шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөнүүдийн 75, сөрөг байсан өвчтөнүүдийн 2.5 хувь нь хавдартай байсан байна. Энэ шинжилгээний үр дүнд суурилан эмч нар өвчтөнийг эхогоор харах уу гэх мэт дараагийн шийдвэрээ гаргах боломжтой.
Судлаачид удахгүй АНУ-д болох Клиникийн онкологийн холбооны хуралд үр дүнгээ анх удаа танилцуулж, Lancet Oncology сэтгүүлд судалгаагаа хэвлэнэ.
Энэ аргыг Америкийн “Грэйл” компани боловсруулсан бөгөөд хавдар нь нууц үед байгаа өвчтөнүүдийг илрүүлэх зорилгоор олон мянган хүнд дахин туршина гэв. Хэрэв туршилт амжилттай болбол 2024 оноос нэг сая хүнээс цусны шинжилгээ авна.