Төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжиж, орой нь УИХ цахимаар хуралдан, онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин чуулганы хуралдааны өмнө ҮАБЗ-ийн гишүүд уулзсан байдаг.
Тэгвэл, ҮАБЗ-ийн гишүүд зөвхөн онц байдал тогтоох тухай асуудал яриад өнгөрөөгүй тухай мэдээлэл байна. Тодруулах юм бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос гадна УИХ-ыг тараах санал дэвшүүлсэн гэх.
Харин яг одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Нөгөө талд, Засгийн газар талын зарим эх сурвалж эл мэдээллийг үгүйсгэсэн байр суурь илэрхийлж байна.
Хэрэв энэ асуудлыг дэмжвэл УИХ-ын ээлжит бус сонгууль болж, Засгийн газар шинээр бүрдэх бөгөөд процессын хувьд багагүй хугацаа авна. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайн асуудал өөрөө чиглэл алдах магадлалтай юм.
Ташрамд, Ерөнхийлөгч хэрэв УИХ-ыг тараавал ээлжит бус сонгуулийг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эл шинэ эрх зүйн орчинд хийх санал дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл, саналыг дэмжвэл эхлээд хуульд өөрчлөлт оруулна. Ингээд шинэ сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ыг бүрдүүлэх бөгөөд дараа нь Засгийн газар шинээр эмхлэгдэх учиртай.