Засгийн газрын энэ сарын 21-нд болсон ээлжит хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжлээ.
УИХ-аас 2012 онд баталсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн 2 төрөлтэй байна гэж хуульчилсан. Хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тодорхойлсон ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохицуулах хууль эрх зүй өнөөг хүртэл бүрдээгүй учраас Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулснаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Тэрбээр ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэх тул эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг ч манай улс эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулж байгааг хэлээд “Хотжилт, үйлдвэржилт, хэт төвлөрлөөс үүдсэн агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, химийн бодисын хэрэглээ, өртөлт, хордлого нэмэгдэх эрсдэл, хүний амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутмаг байна.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл эзэлдэг бөгөөд хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн орчны эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой” хэмээгээд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг төсвөөс хариуцдаг болох шаардлага зэрэг олон шалтгааны улмаас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түлхүү анхаарах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгааг онцолсон.
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг дэмжсэн тул удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм.
Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдаг.
Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.7 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй” гэсэн заалтыг 2016 онд хуульд оруулахдаа эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж буй сум, тосгоны эрүүл мэндийн төвийн асуудлыг орхигдуулснаас болж жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны ЭМТ-үүдэд зөрчил гарч, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж буй юм.
Тиймээс энэ зөрчлийг арилгах, дансны үлдэгдлийг төвлөрүүлэхтэй холбогдсон зарим зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Энэ хууль батлагдсанаар сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн үлдэгдлийг төвлөрүүлэн татахгүй, өөрсдөө зарцуулах эрхтэй болно.