Зоонозын халдварт өвчин гэдэг нь зэрлэг болон гаршуулсан амьтан, мал, бусад цус сорогч шавжаас хүнд халдварладаг өвчин юм.
“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 25 дахь хурал өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв “Монгол дахь уйланхайт бэтгийн хяналт сэргийлэлтэд тулгарч буй бэрхшээлүүд: Хүний тохиолдлын оношилгооны ач холбогдол” сэдэвт судалгааны үр дүнг хэлэлцлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн судлаач Б.Болор: “Бэтэг зоонозын өвчний төрөлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин. Тархалтын хувьд ихэнх улсад бүртгэсэн. Гэхдээ нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүн амд илүү их тархалттай. Дэлхийд бэтгийн тархалтын гол асуудал нь дутуу мэдээлэл байдаг. Бэтэг анзаарагддаггүй өвчний нэг. Баруун бүсийн орнуудаас хятад, монголд тархалттай гэж үздэг юм. Монголд эрсдэл маш өндөр. Учир нь мал нядалгааны үед хяналт сайн тавьдаггүй. Малын дотор эрхтнээр, түүхий махаар нохой хооллох нь буруу. Ингэснээр өвчин тархах магадлалтай.
Иймээс хяналт сэргийлэлтийн ажил хийх шаардлагатай байна. Нохойд туулгалт хийх, мал нядалгааны үед үлдэгдлээ ил задгай үлдээхгүй байх, вакцин, сургалт сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй.
Бэтэг анзаарагддаггүй өвчний нэг. Баруун бүсийн орнуудаас хятад, монголд тархалттай.
Монголд өвчлөл өмнөд нутгаар өндөр байна. Монголд оношлогдсон хүний тоон мэдээллийг олж авахад хүндрэлтэй байдаг. Учир нь бэтгийг зайлшгүй мэдээлэх шаардлагатай халдварт өвчний бүртгэлд оруулдаггүй. Сэжигтэй тохиолдлуудыг яаж бүртгэх талаар заавар байхгүй. Мөн хэрэгжилт дутмаг тул нэгдсэн удирдамж шаардлагатай.
Бид Аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахим систем бүрдүүлээд нэг жилийн турш найман аймгийн дүрс оношилгооны эмч нарыг ажиллуулж, шинээр тохиолдлуудын мэдээллийг бүртгэсэн. Үр дүнд нь Монголд оношлогдсон тоо өндөр гарсан. 100 мянган хүн тутмын хоёрт нь тохиолдсон мэс заслын тохиолдлоос онош тогтоогдсон тоо найм дахин илүү байна.
Энэ нь цөөн эмнэлгийн өгөгдөлд дээр үндэслэсэн судалгаа. Үлдсэн аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эмнэлэгт онош илэрвэл яах вэ? Энэ асуудлыг тал талаас судалж үзсэн.
Тохиолдлууд анхан шатнаас эхлээд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжихээр байна. Шилжүүлэхээс өмнө эрэмбэлэн ангилаад бүртгэдэг алгоритмын аргыг баримталж, онош тавих, бүртгэх хэрэгтэй байна.
Хяналт сэргийлэлтийн ажил хийхэд бидэнд хүн амын дундах тандалт, тархалтын тоо чухал. Хүн амын дунд идэвхтэй тандалт хийснээр халдваржилтын тоо бодитой гарна” гэлээ.
Улс орнууд зоонозын халдвараас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгарч буй асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн, олон талт судалгааны үр дүнгээ танилцуулж, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний өв (ЗӨСҮТ)-өөс уг олон улсын хурлыг зохион байгуулдаг.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швейцарын Холбооны улсын зоонозын гаралтай халдварт өвчний мэргэжлийн байгууллагын 110 гаруй эрдэмтэн оролцож байна.