Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг.
Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг Монголбанкнаас 09:52 цагт банкнуудад дамжуулан хуваарилаад байна.
Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Автомат Клиринг Хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлснээр Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрсэн бөгөөд үр дүнд нь Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ.