“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилгоор 2012 оноос хойш Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас жил бүр уриалж, нийт 176 орны 16,200 байгууллага зохион байгуулж ирсэн.
Хүүхэд, залуучуудад мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох мэдлэг, ойлголт түгээх хүрээнд 2022 онд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ы харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Зээлийн батлан даатгалын сан, Арилжааны банкууд, “Рио Тинто Монгол” ХХК, “Юнител” групп, “Lemon Press” компани, “Мобифинанс” ББСБ хамтран 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс 27-ны өдрүүдэд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээ” уриан доор хэрэгжүүлж цахим ертөнцөд давхардсан тоогоор 6 сая гаруй хандалтыг авч амжилттай хамтран ажилласан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://globalmoneyweek.org/countries/107-mongolia.html
https://www.facebook.com/sanhuugiinbolovsrol/videos/306271364983553
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор 2023 оны гуравдугаар сарын 13-наас 26-ны өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулах юм.
Энэ жилийн “Дэлхийн мөнгөний долоо хоног” нь хувь хүний санхүүгийн хандлага ирээдүй рүү чиглэсэн байхаас гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулдаг байх зөв дадал хэвшлийг уриалахад чиглэж байна. Тиймээс хамтран оролцогч байгууллагууд аяны гол агуулгыг баримтлан хүүхэд залуучуудын санхүүгийн шийдвэр гаргалт нь зөвхөн ирээдүй рүү тэмүүлсэн байхаас гадна энэ нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөллийг үзүүлдэг байхад сэдэлжүүлсэн мэдлэг мэдээллээр хангаж ажиллана. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал, тогтвортой санхүүжилт болон санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://globalmoneyweek.org/
Олон улсын энэхүү аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал байгаа билээ.
Аянд дараах байдлаар хамтрагч байгууллагууд оролцоно. Үүнд:
Ерөнхий зохион байгуулагч Монголбанктай хамтран үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран зохион байгуулах
Нэгдсэн байдлаар бэлтгэсэн контентыг нийгмийн цахим сүлжээнд болон бусад сувгаар санхүүгийн боловсролын мэдээ мэдээллийг түгээн ажиллах, түүнд дэмжлэг үзүүлэх, өөрсдөө бүтээх
Нэгдсэн #хаштаг, уриа үгийг ашиглах
Оролцогч байгууллага үйл ажиллагаагаа иргэдэд таниулах, аяны хүрээнд нээлттэйгээр санхүүгийн мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулах
Дотооддоо /ажилтнууд болон зорилтот бүлгүүдэд зориулсан санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулах/ Монголбанкны зүгээс сургалт авах боломжтой.
Иргэд олон нийт тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, нийгмийг уриалан манлайлах
Иймд танай байгууллагаас аянд нэгдэж, санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллах хүсэлтээ 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн дотор мэйлээр ирүүлэхийг урьж байна.
Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Хүслэн
Утас: 11-311240,
Мэйл хаяг: khuslen.e@mongolbank.mn