Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-д Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба төрийн оролцоо” сэдэвт панел хэлэлцүүлэгт илтгэл тавилаа.
Тэрээр илтгэлдээ хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, Төв банкнаас дээрх салбарын санхүүжилтийг дэмжих талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Банкны салбар 2021 оны байдлаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт 494.3 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2022 онд 295 тэрбум төгрөгийн зээлийг 1-3 жилийн хугацаатайгаар олгосон байна. Энэхүү зээлд Засгийн газраас олгож буй хүүгийн дэмжлэг нь 2021 онд 7-7.65 хувь байсан бол 2022 оны байдлаар 10.65 хувь байжээ.
Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний салбарт олгосон зээлийн үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 877.3 тэрбум төгрөг байна. Түүнчлэн Монголбанкны урт хугацаат репо арилжааны зээлийн хүрээнд 47.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
2023 онд Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох зээлийн хүүгийн дэмжлэгт 135.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3-5 хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад олгохоор төлөвлөсөн байна.
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг сонсох, улмаар зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг холбогдох төрийн бодлого, шийдвэрт нарийвчлан тусгах зорилготой.
Илтгэлийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.