ЭХЭМҮТ-ийн мэс засалчид төрөлхийн нэмэлт уушгитай хүүхдэд цээжний дурангаар анх удаа мэс засал хийж, эмчилжээ. Энэ нь 100 мянган төрөлтөд нэг тохиолддог маш ховор эмгэг аж. Энэ мэс заслын талаар ЭХЭМҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.
-Төрөлхийн нэмэлт уушгитай хүүхэд анх яаж оношлогдсон бэ. Өмнө нь ийм эмгэг тохиолдож байв уу?
-Төрөлхийн илүү уушгитай, тэр нь амьсгалын замтай холбоогүй буюу амьсгалахгүй, тэгсэн атлаа гол судаснаас цусан хангамжаар тэжээгддэг маш ховор тохиолддог гажиг юм. Цусан хангамжтай учир илүү уушги нь томроод байдаг. Томрохын хэрээр уушги шахагдаж, хүүхэд ханиад томуунаас салахгүй. Ихэвчлэн тохиолдлоор оношлогддог.
Энэ хүүхдийн тухайд цээж гэрэлд харахад оношлогдсон. Компьютер томографаар оношийг баталгаажуулаад мэс засалд оруулсан.
-Хэдэн настай хүүхэд вэ. Хүүхдийн бие ямар байна вэ?
-3-4 настай хүүхэд. Ийм оноштой хүүхдэд анх удаа дурангийн мэс засал хийж, амжилттай боллоо. Хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан. Өмнө нь төрөлхийн илүү уушгитай хоёр хүүхдэд мэс засал хийсэн. Гэхдээ өөр оноштой хавсарсан эмгэг байсан. Өрцний сулрал гэсэн оноштой хүүхдэд мэс засал хийх үед илүү уушгитай нь оношлогдсон юм.
-Одоо энэ хүүхдийн хувьд асуудал нь шийдэгдсэн үү?
-Шийдэгдсэн гэж болно.