Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АНУ-ын Элчин сайд Ричард Буанган, мөн улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Томас Крэхан нарыг хүлээн авч уулзжээ. Тэд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр С.Чинзориг сайд сумдын эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн шаардлага хангасан цэвэр ус, ариун цэврийн байгууламжтай болгоход хамтран ажиллах хүсэлтийг Ричард Буанганд уламжилж, уг үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг хэлжээ.
Мөн коронавирусийн цар тахал дэлхий нийтэд дэгдсэн цагаас эхлэн ЭМЯ-наас АНУ-ын Элчин сайдын яаманд хандаж оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, шинэ коронавирусийн эсрэг вакцины хангамжтай холбоотой саналуудыг тавьж, АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан 2020-2022 онд манай улсын эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж, дэмжлэгийг үзүүлсэн тухай уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд онцгойлон дурдаж талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам