Газрын тухай хуулийн өөрчлөлтөөр малын бэлчээрийг зохицуулж, малчдыг амьдрах аргагүй болгох гэж байна гэж Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ/хуульч, сэгүүлч, судлаачид нэгдсэн/ төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж, мэдээлэл хийсэн юм.
Газрын мэргэжилтэн н.Гансүх:
"Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй танилцлаа. Гол агуулга нь олон жилийн турш Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийнхөн болон Мянганы сорилын сангийн бэлчээрийн төслийг хэрэгжүүлсэн “Бодлого судлалын төв” ТББ зүтгүүлээд байгаа Бэлчээрийн тухай хуулийн төсөл л тэр чигээрээ явна.
Байсхийгээд л нэрээ солиод орж ирдэг Бэлчээрийн хуулийн төсөл арга мухардаад Газрын тухай хуульд шургаж орохоор зэхэж байгаа юм байна.
Тус төслөөр дамжуулан дараах ноцтой заалт, зохицуулалтууд оруулж ирэхээр төлөвлөжээ.
Нэг: 3/11 дүгээр зүйлийн 11.2-11.8 дахь хэсэг:
“11.2.Бэлчээрийн газрыг дараах байдлаар ангилна:
11.2.1.улирлын бэлчээр;
11.2.2.отрын нөөц бэлчээр;
11.2.3.эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр;
11.2.4.дамжин өнгөрөх бэлчээр;
11.2.5.байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, хужир, мараа, уст цэг бүхий бэлчээр.
3.1.14.“бэлчээр ашиглагч” гэж малчин өрх, мал, амьтан бүхий этгээд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг; гэсэн нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор илт дэмжиж байгаа нь ажиглагдаж байна.
Хоёр: 3.1.15.“бэлчээр ашиглагчдын бүлэг” гэж энэ хуулийн 11.3-т заасан бэлчээр ашиглалтад суурилан сэлгээ нүүдэл хийх, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, өөрийн дүрэмтэй малчин өрх, мал бүхий этгээдийн хамтын зохион байгуулалтын нэгдлийг; гэсэн нь Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт төслийнхний олон жилийн турш хэрэгжүүлэх гэж зүтгэсэн БАХ буюу “бэлчээр ашиглагчдын холбоо” хамтын зохион байгуулалтын нэгдлийн нэрийг нь жаахан өөрчлөөд “БАБ” буюу “бэлчээр ашиглагчдын бүлэг” нэрээр өөрчлөн найруулж зүтгүүлэхээр болжээ.
Гурав: 20.2.16.газрыг цөлжилтөөс сэргийлэх, бэлчээрт мод, бут сөөг, олон наст ургамал тарих, бууцаар бордох, хаших зэрэг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг зохион байгуулах; гэсэн нь хамгаалах нэрээр халхавчлан бэлчээрийг хашаажуулах ажиллагааг эрчимжүүлэх нь. Хашаажуулна гэдэг нь бэлчээр хувьчилж байгаа л хэлбэр.
Дөрөв: “29.7.Малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.0 га хүртэлх газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж болох ба тухайн газарт малын тэжээл тариалж болно.” гэсэн нь логикийн зөрчилтэй заалт болжээ. Өвөлжиж, хаварждаг газарт малын тэжээл тариалж болно гэжээ. Тариа будааг хэзээ тариалдаг билээ. Өвөлжөө, хаваржааны газрын зорилго нь юу билээ. Энэ хоёр ойлголт, процесс нь өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь энэ заалтыг анхнаасаа өөр агуулгаар оруулж байгааг илчилж байна. Мөн энд өвөлжөө хаваржааны газрыг ашиглуулах бус эзэмшүүлнэ гэсэн нь ганц малчин өрхтэй тохиролцоод л газрыг нь худалдаж аваад өөр зорилгоор ашиглах нөхцөлийг бүрдүүлжээ. (уул уурхайн зориулалтаар гэх мэт)
Тав: “52.6.Энэ хуулийн 52.4-т заасан газрыг гэрээгээр ашиглуулах хугацаа 15 жилийн хугацаатай байх бөгөөд бэлчээр ашиглалтын гэрээний биелэлтэд үндэслэн анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болно” гэсэн нь 15 хугацаанд гэрээгээ хангалттай биелүүлээгүй нөхцөлд хураах нөхцөлийг бүрдүүлжээ. Хураасан бэлчээр эрчимжсэн мал аж ахуйн бэлчээр рүү шилжих нь ойлгомжтой. Гэрээг хангалтгүй гэж дүгнэх нь эрх бүхий төрийн албан хаагчийн үзэмжийн асуудал байх нь мэдээжийн зүйл" гэлээ.