Долоодугаар сарын 23-нд үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүсжээ.
Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Мөн аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэсэн бөгөөд 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон байна. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээллээ.