Улсын Онцгой Комисс(УОК)-оос өчигдөр цаг уурын төлөв, үерийн гамшиг, зоонозын өвчний эрсдэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү манай улс уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж байгаа 10 орны тоонд ордгийг дурдаад сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг тодорхойлох тоонуудыг онцлон танилцуулав.
Тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хуурайших, гандуу болох, цөлжих явц ажиглагдаж байна. Сүүлийн 80 жилд агаарын температур 2.85 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ найман хувиар буурсан гэх судалгаа бий.
Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, учруулах хор уршиг, хохирол улам бүр өсөх хандлагатай байна. Манай улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг үзэгдлийг эрсдэлээр нь эрэмбэлбэл
Монголд жилд дунджаар 55 удаа цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл тохиолддог. Ойрын 30 жилийн давтамжийг харвал 1989-1998 онд дунджаар 29 удаа, 1999-2008 онд дунджаар 53 удаа байсан бол сүүлийн 10 жилд 80 болтлоо өссөн.
Мөн аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, ой хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан" хэмээв.
Түүнчлэн онцгой байдлын байгууллага 2003-2013 онд жилд ойролцоогоор 3,100 орчим аюултай болон гамшигт үзэгдэл, ослын дуудлагаар очдог байсан бол 2013-2023 онд 4,500 болтлоо нэмэгдсэн хэмээлээ. УОК болон Засгийн газраас төрийн байгууллага, аймаг, орон нутгийн нутгийн захиргааны удирдлагуудад жил бүрийн төсөвтөө гамшгаас хамгаалах зардлыг тусгаж, зарцуулахыг шаардаж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг байна.
Үүнээс гадна хуулийн этгээдүүд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээний ашгийн 1.5-аас доошгүй хувийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төлөвлөн зарцуулж, учирч болох эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэв.
Тэрбээр "Манай улсад тохиолдож байгаа гамшигт үзэгдэл, аюул ослын тоо жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа учраас гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний төсвийг зарцуулж, өөрийнхөө бизнесийг хамгаалах нь зайлшгүй тулгарч байна" хэмээн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриаллаа.