Оршин суугчид аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжоо бүрдүүлж, дундын эзэмшлийн эд хөрөнгөө хариуцуулах эзэнтэй байлгахын тулд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг сар бүр СӨХ-нд өгөх шаардлагатай. Энэхүү төлбөр нь орон сууцны талбай, оршин суугчдын тоо, хийх ажил, онцлог зэргээс үүдэн харилцан адилгүй байдаг. Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл (МСӨХДЗ)-өөс м.кв-ыг 300-600 төгрөгийн жишиг тариф тогтоож өгсөн байдаг бөгөөд үүнийг дагаж мөрдөх нь тухайн СӨХ-ны сонголтын асуудал юм.
Нийтийн зориулалттай орон сууцны иргэдийн 70 хувь нь 15-20 мянган төгрөгийн хураамжийг сард төлдөг байна.
СӨХ-ны хураамжийн ялгаа, эзлэх хувиар
Оршин суугчдаас хамаараад СӨХ-ны төлөлт ч харьцангуй байдаг аж. Тухайлбал зэрэглэл өндөртэй хотхоны оршин суугчид төлбөрөө цаг тухайд нь хоцроохгүй өгдөг бөгөөд цөөн хувь нь төлөхгүй тохиолдол байдаг ч үйл ажиллагаа хэвийн явагддаг. Гэвч хотын зах орчмын хуучин орон сууцны оршин суугчид төлбөрөө байнга хоцроодог, хэдэн сараар төлөхгүй байх нь энгийн үзэгдэл гэж холбогдох эх сурвалж мэдээлж байв. Үүнээс үүдэж ихэнх СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод удаж буй.
Монгол Улсын хэмжээнд 100 хувь төлөлттэй СӨХ гэж байдаггүй гэнэ. Орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө болон байрны гаднах орчны цэвэр, аюулгүй, тав тухтай байдал нь тухайн байрны оршин суугч бүрд хамаатай асуудал мөн. Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.
Одоо мөрдөгдөж буй "Орон Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-иар хуулиар СӨХ-ны төлбөрөө төлөлгүй зургаан сараас хэтэрвэл үл маргах журмаар шүүх рүү шилжүүлэх эрхтэй байдаг аж. Гэвч шүүхийн процесс удаан явагддаг учир тэр бүр СӨХ-нууд шүүхэд ханддаггүй байна.
СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 2003 оны хууль нь СӨХ болон оршин суугч иргэдийн эрх үүрэг болон хариуцлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа тул хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа аж.
Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм
Тус шинэчилсэн хуулийн төсөл дээрх МСӨХДЗ-ийн санал, байр суурийг гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Барилга, Хот Байгуулалтын Яам дээр орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг нэгтгэн орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл боловсруулж байна. Нөгөө талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар дээр СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулна гэсэн хоёр тусдаа ажлын хэсэг байгаа.
МСӨХДЗ-өөс аль, аль хуулийн төсөл дээр саналаа өгөөд явна. Хуучин хууль нь тийм ч муу хууль биш боловч зөрчигдөөд байгаа асуудлыг цаг үетэйгээ холбон шинэчлэх шаардлагатай байгаа учраас төрийн хоёр байгууллага нэг талдаа гарч хуулиа боловсруулах хэрэгтэй. Учир нь яг хаашаа нь хандаж хамтарч ажиллах нь тодорхойгүй байгаа тул үүнийг нэн түрүүнд шийдвэрлэж нэг талд нь гаргах чухал байна.
Хуулийн төслөө шинэчлэхдээ зөвхөн СӨХ биш барилга орон сууцны тухай хуультай уялдуулж боловсруулах шаардлагатай байна. СӨХ-ны биеэ даасан хуультай байж гэмээн иргэдэд ойлгомжтойгоос гадна хуулийн хэрэгжилт ч хангалттай байх юм. Орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулахгүй бол дунд нь үл ойлголцол бий болох талтай. Харин хоорондын уялдааг Орон сууц нийтийн аж ахуйн салбарын багц хуулиар зохицуулах шаардлагатай" гэв.