Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач мэргэжилтнүүд, ХААН Банк сангийн ажилтнууд, мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллаж буй.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы эхний өдөр ШУГТЭ болон НЭМҮТ-ийнхөн хоёр өдрийн турш өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулдаг.
Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, цусны даралтаа хэмжүүлэх боломжтой. Мөн цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх болон зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөх эрсдэлийг тодорхойлох, бие бялдрын үнэлгээ хийлгэх юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилсан сэргийлэх үзлэгээр эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн иргэд болон тухайн аймгийн нэгдсэн эмнэлгээс өгсөн жагсаалтын дагуу зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэг оношилгоо хийж байна.
2022 оны байдлаар Говь-Алтай аймгийн хүн амын тэргүүлэх өвчлөлийн нэгдүгээрт цусны даралт ихсэх өвчин тэргүүлж 10,000 хүн амд Жаргалан /2578.2/, Дарив /2057.2/, Чандмань/1565.1/ сумдад хамгийн өндөр байна.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Говь-Алтай аймагт энэ сарын 25-ныг дуустал ажиллах тул хэрэв та болон таны хайртай дотны хүмүүс тус аймагт ажиллаж амьдардаг бол аяны өдөрлөгийг заавал зорьж очихыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.