Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.
УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан бөгөөд багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавив. Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэлээ.
Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцах”-аар болсон Ерөнхий сайдын шийдвэр багш бэлтгэх тогтолцоонд маш том үр дүн өгнө. Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна.
Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ-наас маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги танхимын шинэчлэл, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно гэжээ.