fitness
  • 597 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-09

Он гараад иргэд ипотекийн зээл, шаталсан татвар төлж эхлэх бол нийт хүүхдүүдийн 91 хувь нь сар бүр 100,000 төгрөг авах юм. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, согтууруулах ундааны хэрэглээг хуулиар зохицуулахаар болж буй.

Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулиудын онцлох заалтуудыг эмхэтгэн хүргэж байна.


Цалингийн орлогоосоо татвар төлнө

2023 оны төсвийн тухай хуульд шаталсан татварын талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалингийн орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах юм. 

Тус хуулийн дагуу 2023 оноос эхлэн сарын

  • 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10% 
  • 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15%  
  • 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20%-ийн татвар тус тус төлж эхэлнэ.
Гэхдээ тухайн хязгаараас давж буй хэсэгт нь л татвар нэмж ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, сарын 11 сая төгрөгийн орлоготой иргэний 10 сая төгрөгт нь 10%, үлдсэн нэг сая төгрөгт 15 хувийн татвар ногдуулан тооцно гэсэн үг.

Нийгмийн даатгалын санд бүртгэлтэй буюу хөдөлмөр эрхлэгч 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа аж. 

Ипотекийн зээлээ төлж эхэлнэ

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй байх шийдвэрийг УИХ гаргасан. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд зээлээ хуучин хуваарийн дагуу төлж эхэлнэ. 

Цар тахалтай холбоотойгоор 2020 оноос хойш нийт таван удаа уг зээлийн төлөлтийг хойшлуулсан юм. Сүүлийн таван жилд 2021 оныг эс тооцвол жилд дунджаар 4,000-5,000 гаруй иргэнд ипотекийн зээл олгожээ.

2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулж, ₮10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлснээр ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, ₮1 их наядыг уг хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг жил гаруй хугацаагаар хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширчээ.   

2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах талаар яригдаж байсан ч дараагийн зээлийн санхүүжилт бүрдэхгүй байгаа, Цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацаатай холбоотой зэрэг асуудлаас үүдэн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргаад байна. 

"Архи уу" гэж шахвал хариуцлага хүлээнэ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заажээ. 

Шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулгийг хоёр градусын ялгамжтайгаар, 10 үе шаттай болгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёр градусаар ахих тусам татвар нь нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2025-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үе шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр хуульчилжээ. 

  • Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана.
  • Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.
  • 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
  • Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална. 
  • Татварын өртэй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
  • Үйлчилгээний байгууллагын ажилчид согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх ёстой.

Уламжлалт аргаар бэлтгэж, хувийн хэрэгцээндээ хэрэглэх нэрмэл архинд уг хууль үйлчлэхгүй юм байна.  

Тусгай зөвшөөрлийг тав, энгийнийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно

Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Уг хуульд нийт 377 зөвшөөрлийн талаар тусгажээ. Үүнээс 14 чиглэлийн 251 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 126 энгийн зөвшөөрөл байна. 

  • Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох.
  • Тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байх. 
  • Зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил тод мэдээлнэ. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгоно.
  • Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

Ингэснээр төрөөс олгож буй 1,600 төрлийн зөвшөөрлийн тоог 5 дахин бууруулж байна. 

Хүүхдийн 100,000 төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгоно

УИХ-аас хүүхдийн 100,000 төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор батлаад байгаа билээ. Ингэхдээ өндөр орлоготой, чинээлэг өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамруулахаар болсон. 

Цаашдаа хүүхдийн мөнгийг халамжийн хэлбэрт оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн зөвхөн тэр картаар хийгддэг системийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. 

Энэ хүрээнд ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд буюу сарын 3.5 саяас доош орлоготой өрхөд олгохоор тусгасан. 

2023 оны улсын төсвийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг архи, тамхины хэрэглээнд зарцуулагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг тмөн усгасан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг картаар олгох, карт НӨАТ-ын баримтаараа хянагдаад архи, тамхины худалдаа хийхэд уншигддаггүй байх зохицуулалтыг хийх бүрэн боломж манай татварын системд бий болжээ. 

Бусад мэдээ

Жендэрийн үндэсний хорооноос эрхлэн гаргадаг 80 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг Парламентын номын санд хүлээлгэн өглөө

Жендэрийн үндэсний хорооноос эрхлэн гаргадаг 80 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг Парламентын номын санд хүлээлгэн өглөө

Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг оло

“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” үндэсний уралдаан болно

“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” үндэсний уралдаан болно

“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” сэдэвт онол, практикийн ач холбогдол бүхи

Ариунзул С.
Ариунзул С.