БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд багш нарын нийгмийн байдлыг дэмжих, боловсон хүчнийг нэмэгдүүлэх бодлогын талаар Боловсролын шинэчилсэн хуульд орсон зарим заалтыг танилцууллаа.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:
- Аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг болон дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан.
Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй хугацаанд ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцуулна. Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг өнгөрсөн жил баталсан. Энэ нь улсын хөгжлийн зорилтыг хангахад шаардлагатай мэргэжил юм. Харин тухайн салбар дахь хүний нөөцийн дутагдалд орсныг эрэлттэй мэргэжил гэж үздэг.
Ирэх таван жилд 39 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байгаа ба өнгөрсөн таван жилд 17 мянгыг бэлтгэсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Монгол Улсад нийт бакалаврын 283 хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 121 буюу бараг талыг нь эрэлттэй мэргэжил гэж зарласан байдаг ч нийт оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр сурч байна.