Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй.
Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тэгвэл шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг ЦХХХЯ-аас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Өчигдөр салбарын сайд Н.Учрал E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцжээ.
Тэрбээр, "Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана" гэжээ.