fitness
  • 404 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-21

Манай Улсын анагаах ухааны салбарт зүрхний мэс засал хийгээд даруй 55 гаруй жил өнгөрчээ. “Монголын зүрх, судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг”-ийн анхдугаар хурал маргааш буюу 2023 оны есдүгээр сарын 22-нд эхлэх гэж байна.


Бид “Монголын зүрх, судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг”-ийн анхдугаар хурал болон энэ салбарын хөгжил, зүрхний өвчлөлийн голлох шалтгаануудын талаар “Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч, УБ Сонгдо эмнэлгийн Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой ярилцлаа.

- Маргааш эхлэх “Зүрх судас, цээжний хөндийн нийгэмлэг”-ийн анхдугаар хурлын гол зорилго юу вэ?
- Бид “Зүрх судас, цээжний хөндийн нийгэмлэг”-ийн анхдугаар хуралдааныг “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран хийнэ. Ингэснээр бид хоорондоо мэдээллээ солилцохоос гадна энэ төрлийн мэргэжлийн эмч нар лекцийг нэг дор сонсох боломжтой.

Монголд зүрхний мэс заслыг Улаанбаатар Сонгдо эмнэлэг болон Улсын III төв эмнэлэгт хийдэг бол өдгөө судас болон цээжний хөндийн мэс заслыг цөөнгүй эмнэлэгт хийдэг болсон. Тиймээс нэгдэж нэг чиглэлд ажиллах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр “Зүрх, судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг”-ийг байгуулсан.

- Монголд зүрхний анхны мэс заслыг хэдэн онд хийж байсан бэ?
- Улсын III эмнэлэгт зүрхний анхны мэс заслыг хийснээс хойш 55 гаруй жил өнгөрчээ. УБ Сонгдо эмнэлэг 2012 оноос хойш зүрхний мэс засал хийсээр сүүлийн 2 жил 6 сарын хугацаанд нээлттэй болон судсан дотуурх нийт 900 гаруй мэс заслыг хийжээ.  

Манай нийгэмлэгийн гол зорилго нь Монгол Улсын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын салбарынхан нэгдсэн нэг бодлоготой ажиллахад чиглэж байна. Цаашдаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт зохион байгуулах, хамруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч чухал ач холбогдолтой. Манай нийгэмлэгийн анхдугаар хуралд БНСУ-ын Зүрх судасны мэс заслын нийгэмлэгийн тэргүүн ирэх бөгөөд бид энэхүү нийгэмлэгийн гишүүн болох, хамтран ажиллах гэрээ байгуулахаар ажиллаж байна.

skip-share

“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд нийт 900 гаруй мэс засал хийсэн.

Мөн ингэснээр бид цаашлаад Азийн болон Дэлхийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн гишүүнээр элсэх гүүр болох юм.  

Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчний тав нь буюу титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, хавсарсан гажиг, агших боломжгүй болсон гэх мэт хүнд төрлийн өвчин байдаг. Эдгээр өвчний мэс заслыг Монголд хийдэг болох, нутагшуулах зорилго байна. Бид дээрх таван оношны хоёрт нь Солонгосын эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал хийж эхэлсэн. Тэгэхээр хамтын ажиллагааг өргөжүүлж, гаднын мэргэжилтнүүдийг Монголдоо урьж хамт мэс засал хийж тэднээс суралцах, дараа нь багаараа бие даан хийх гэх мэт шат дараатай олон ажил хийхээр төлөвлөж байна. Ер нь аль ч мэс заслын салбарын хөгжлийн эцсийн зорилго нь эрхтэн шилжүүлэх боломжийг бүрдүүлэх явдал байдаг.

Мөн зөвхөн зүрх судасны мэс заслаар хязгаарлагдахгүй цээжний хөндийн буюу уушги, улаан болон цагаан хоолой, сэрээ булчирхайн мэс засалд хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

- Манай Улсын анагаах ухааны чадвар бусад оронтой харьцуулахад ямар түвшинд яваа бол?
- Зарим дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн дутагдал, хүнд хэлбэрийн өвчлөл, гажгийг оношлох, мэс засал хийх боломжийг эс тооцвол бид бусад оронтой эн тэнцүү түвшинд хүрсэн. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож эхэлснээр мэс заслын хэрэгслүүдийн хангамж сайжирсан, иргэдийн нуруунаас ч хүнд ачааг хөнгөлсөн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийг бодоход өдгөө эмнэлгийн хэрэгслүүд нэг удаагийнх, ариун цэврийн шаардлага хангасан, өвчтөнд аюулгүй, хүндрэлгүй байгаа нь мөн давуу тал юм. Монгол улсын анагаах ухааны салбар сүүлийн 15-20 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн.

10 гаруй жилийн өмнө манай улсад эмчлэгдэх боломжгүй 33 өвчин байсан. Харин одоо тэдгээрээс 7 өвчнийг хасаж чадсан нь бас нэг дэвшил юм.

- УБ Сонгдо эмнэлэг “Зүрх мартахгүй” төслөө амжилттай хэрэгжүүлээд буй. Төслийн хүрээнд хэдэн өвчтөнд хүрч ажиллаад байна вэ?
- УБ Сонгдо эмнэлэг 2012 оноос эхлэн зүрх судасны чиглэлээр ажиллаж эхэлсэн ба тухайн үед зүрхний нэг эмч байсан бол өдгөө 30 хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг баг болтлоо өргөжсөн. Зүрхний төрөлхийн гажиг, хавхлаг, захын судасны, хэм алдалтын гээд төрөлжсөн мэс засал хийдэг. Бид одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны зургаадугаар сард “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж байсан.

Цар тахлын үед өвчтэй хүүхдүүд гадагшаа эмчилгээнд явж чадахгүй, гаднаас ч эмч мэргэжилтнүүд ирэх боломжгүй байв. Хөл хорио тавигдахад өвчиндөө шаналсан хүүхдээ тэвэрсэн олон эцэг эх биднийг зориод ирэхэд нь “Зүрх мартахгүй” төслөө эхлүүлэхээр болсон. Бидний урьдчилсан тооцооллоор эхний жилд 40 мэс засал дараа нь 80 гэх мэтээр ахиулах байдлаар ажиллахаар төлөвлөж байсан ч эхний хагас жилд 80 удаа, хоёр жил хагасын хугацаанд нийт 900 гаруй мэс засал хийсэн.

skip-share

Өдөрт 10 хүнд үзлэг хийхэд 3-4 нь чихрийн шижин өвчтэй байна

- Хоёр жилийн хугацаанд 900 гаруй мэс засал хийсэн гэхээр маш өндөр тоо байна.
- Тийм ээ. Дэлхийн хэмжээнд ч энэ нь аливаа зүрхний мэс заслын төвүүдийн хувьд хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх өндөр тоо юм. Бид төслөө маш амжилттай хэрэгжүүлж байна. Зөвхөн хүүхдэд ч биш насанд хүрсэн өвчтөнд ч зүрхний хагалгаа хийдэг. Бидний ажиллаж буй арга барил, хүрээ маань зүрх судасны төвийн түвшинд хүрсэн. Мэдээж цаашдаа тоног төхөөрөмжөө сайжруулах, эмч мэргэжилтнүүдээ сургах, залгамж халааг бэлдэх гэх мэт олон ажил биднийг хүлээж байна.

- Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан юу байдаг вэ? Мөн энэ төрлийн өвчин нийт нас баралтын хэд дэх шалтгаан болдог вэ?
- Дэлхийн хэмжээнд нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчлөл ордог. Монголд ч мөн ялгаагүй нэгдүгээрт ордог. Шалтгаануудыг тоочвол мэдээж маш олон,  та бидний уулзалтын цаг хүрэхгүй. Тиймээс товчхондоо, амьдралын буруу хэв маяг буюу буруу хооллолт, тамхидалт, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, стресс, сүүлийн үед агаарын бохирдол буюу утаа нөлөөлж байна. Ер нь харилцан хамааралтай буюу нэг муу зуршлаас эхлэлтэй олон өвчлөлийг үүсгэж байдаг. Жишээ нь, хөдөлгөөн дутагдахад жин нэмэгдэнэ, жин нэмэгдэхээр чихрийн шижингийн эрсдэл өснө, цаашлаад судас хатуурна, шигдээс болно, тархинд цус харвана, саажилттай болно гэх мэт нэг циклд орчихдог ба энэ нь ихэвчлэн насан хүрэгчдэд тохиолддог.

Харин хүүхдүүдийн өвчлөл төрөлхийн буюу ээж нь жирэмсэн байхдаа дархлаа сул байсан, хортой эсвэл ачаалалтай нөхцөлд ажилладаг, хоол ундны шим тэжээл дутагдсан гэх мэт хүчин зүйл нөлөөлж болно. Нөлөөлөх хүчин зүйлийг магадалсан судалгаанууд бий. Том хүний өвчлөлд хамгийн их хувь эзлэх шалтгаан нь чихрийн шижин юм. Өдөрт 10 хүнд үзлэг хийхэд 3-4 нь чихрийн шижин өвчтэй байна. Хүндэрвэл бөөр, нүдний болор солиулах шаардлагатай болно, хөлөө тайруулна, тархинд цус харвана, зүрхний шигдээс болно гэх мэт эрсдэлтэй.  Мөн хоёр дахь шалтгаан нь тамхидалт гэж үздэг. Цаашлаад өвлийн утаа ч тамхины утаанаас илүү хортойгоор нөлөөлж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Бусад мэдээ

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан ү

"Гоёл кашмер" компанийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслол боллоо

"Гоёл кашмер" компанийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслол боллоо

Зургаадугаар сарын 5-ны өдөр ноолуурын салбарын томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Гоёл кашмер ко

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.