Анх хэдэн онд Тв5 телевизээс ажлын гараагаа эхлэв?
2014 оны 11 сард ажилд ороод жил гаран ямар нэвтрүүлэг хийвэл зүгээр талаар тунгааж байгаад 2016 оны 6 сард сонгуулиар ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байлаа. Нэвтрүүлэгтээ ямар нэр өгөх талаар нилээн бодож бодож зэвүүн гэдэг нэрэн дээр тогтсон. Энэ үг нь өөрөө сайн,муу хоёр талаар хэрэглэгддэг учраас надад таалагдсандаа. Эхний хоёр гурван дугаарын дараа хүнтэй ярилцахдаа арай дөртэй болж эхэлсэн.
Эфирт хамгийн анх ороход ямар сэтгэгдэл төрж байв?
Нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарт манай телевизийн захирал Д.Сарангэрэл орж байлаа. Шууд л захиралыгаа уриад оролцуулахад их айж,сандарч балмагдаж хэрэндээ л түүнийгээ ил гаргачихгүйг хичээсэн л дугаар болсон доо.
Ярилцлагын дараа захирал надад хэлэхдээ “...би сэтгүүлч мэргэжилтэй хүн. Чиний насан дээр би УИХ-н гишүүнтэй хайр ярих хэмжээний нээлттэй болоод зоригтой байгаагүй ээ. Тийм нээлттэй чөлөөтэй нийгэм ч биш байсан. Тэгэхээр чи яг зөв үедээ, зөв газраа байна” гэж хэлсэн нь надад цаашдаа хийж бүтээх урмыг өгсөн юм. Тэгээд л урлаг соёлынхноос хамгийн түрүүнд реппер NMN оролцож байсан даа. Тэр үед залуу реппер маань нэг ч телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаагүй учраас хайж олоод нилээд гуйсны эцэст зөвшөөрүүлж байсан юм.
Өөрийнхөө ярилцлагын арга барилыг өөрөө дүгнэвэл?
Би нэг ч асуулт бэлддэггүй шууд ордог нь арай өөр байх. Яагаад гэхээр ихэнх нэвтрүүлгүүд урьдчилаад асуултаа бэлдээд ордог.Найруулагч нь би, гол дүр нь би гэдэг шиг тэр хоромд миний л үзэл бодол миний л мэдрэмжээр өрнөж нэвтрүүлэг болгон маань өөр өөр байгаасай гэж хүссэн юм. Бас нэвтрүүлгийн дараа оролцсон зочдын зарим нь ярьсан зүйлсээсээ хасуулах гээд байдаг. Үүн дээр би хатуу зогсож нэг ч хасалтгүйгээр нэвтрүүлгээ цацдаг байсан.
Яагаад гэхээр би ч тэр зочин ч тэр алдаж болно.Яг л шууд эфир шиг байгаасай гэж хүссэн.
Таны ярилцлагууд яг Зэвүүн болж чадаж байгаа юу?
Өөрийгөө их голноо. Гэхдээ түүнийгээ нэг их хүнд хэлэхийг хүсдэггүй. Учир нь хүн өөртөө эхлээд итгэлтэй байж гэмээнэ бусад хүмүүс чамд итгэж эхэлнэ.
Миний амьдралын мөрдлөгө бол энэ юм.Би нэг ч удаа үзэгчдээсээ уучлал гуйж байгаагүй. Яагаад гэхээр би зорилготой учраас энэ ажлыг хийж байгаа. Хүмүүс намайг муулаад эхлэнгүүт би уучлаарай гээд буугаад өгчих юм бол зорилго маань няцчихаж байгаа юм.Үзэгчдийн дургүйг хүргэсэн олон асуулт байсан.Гэхдээ би албаар дургүйг нь хүргэх гэж л асууж байгаа юм. Харин үзэгчид асуултан дээр биш зочны хариултан дээр л анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг.
Асуултаа бэлддэгүй байдлын нэг хэцүү нь ярилцлага дууссаны дараа тийм зүйлийг асуучихгүй яав даа гэх тохиолдол. Үүндээ бас их харамсанаа. Гэхдээ үзэгчдээсээ огт шаардлага хүлээж авахгүй байна гэдэг бол буруу. Адаглаад би өөрийн хувцаслалт гадаад өнгө төрх дээрээ бол яахын аргагүй шүүмжлэл,саналуудыг тэр дор нь тусгаж аваад засаад явахыг хичээдэг.
Үр бүтээлтэй ажиллахын тухайд?
Үр бүтээл муутай өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ суухын оронд гол ажлаа хийчихээд бусад цагуудад өөрийгөө хөгжүүлэх зүйлсээ хийгээд явбал илүү их үр дүн гардаг санагддаг. Би өөрөө ч чөлөөт уран бүтээлч шиг л ажилдаа ирж буцдаг.Ялангуяа хөтлөгч хүний хувьд үзэгчид их байх нь л чухлаас өөр юу байхав.
Тиймээс энэ үр дүнгээ хангаж чадаж байвал сул цагийг өөртөө гаргаад өгөх хэрэгтэй.
Хотын хөгжлийг олон талаас нь тодорхойлж болно.Таны хувьд?
Ямар нэг улсын томоохон хотод очиход бар цэнгээний газруудаар нь тухайн хотын хөгжлийг тодорхойлж байх жишээний. Лас Вегас гэхэд цэнгээний газрууд,казино зэрэгт нь хүмүүс дурлаж маш их очдог байхад Хятадад зөвхөн Европын баячуудын ордог зэрэглэл өндөртэй тусгай цэнгээний газруудаараа ялгардаг энэ байдал нь тухайн хотын хөгжлийг давхар илтгэдэг байх. Хотын хөгжил гэхээр л өндөр барилгууд өргөн замуудаар бодох нь бас өрөөсгөл юм. Манай хотын хувьд зуны шөнө бол их гоё шүү дээ.
Тиймээс шөнийн сонирхол татахуйц олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагддаг.
Анх нэвтрүүлэг чинь олонд хүрч эхлээгүй байхад зочин урихад хүндрэлүүд гарч байсан л байх даа?
Анх бол ямар нэвтрүүлэг юм?, юу юм, чи надад тайлбарла гэх мэтээр их шалгаадаг байсаан. Дараагаар нь бол оролцогч зочид маань өөрсдөө дотроо юу асуучих бол?,буруу зөрүү ярьчихвий дээ?,яах бол? гэх зэргээр түгшүүртэй болоод ирсэн.Ялгаа нь ийм л юм билээ.Эхлээд дээрээс харьцаад эхэлдэг. Дараа нь нэвтрүүлгийн ерөнхий өнгө төрхийг нь мэдээд ирэхээрээ маш их татгалзсан хариу өгөөд эхэлдэг.Эсвэл өөрсдөө бүр мөнгө өгье оруулаад өгөөч гээд гуйгаад эхэлнэ.Надад бүр 20 гаруй сая төгрөг өгье гэж ярьж байсан.Хэрвээ би тухайн үед тэр хүнийг оруулсан бол нэвтрүүлэг маань хол явахгүй болох байлаа.Төлбөртэй хүмүүс уригдвал өөрийнхөө юмыг л рекламдаад зогсдоггүй.
Хамгийн их татгалзаж байсан олны танилуудаас хэн байв?
Фантастик продакшны залуус л байсан даа.
Яагаад татгалзаад байсан юм бол?
Шоу цэнгээн болоод араар тавилт ч гэдэг юмуу арай өөр зүйлс их асуугаад байдаг л гэж бодсон байх.Гэхдээ би нялх хүүхэдтэй хүнээс нэг өдрийн зугаа цэнгэл асуух юм бол тэр хүнийг болоод өөрийгөө доромжилсон хэрэг болно шүү дээ.Тийм учраас хэнтэй юу ярих уу гэдгээ бодно.Хэдийгээр асуулт бэлдэхгүйгээр шууд явдаг ч гэсэн тухайн мөчид тархиа ажиллуулаад богино хугацаанд сэтгээд асуултаа гаргаж ирдэг.Хүмүүс хоёр янз эхнийх нь нэр алдраа өсгөх гэж чанартай нэвтрүүлэгт орох гэдэг бол дараагийнх нь нэр хүндээ унагаачихгүй гэж хаширлаад ордоггүй төрлүүдтэй.
Анх нэвтрүүлгийн тань концепц “санаа” ямар байсан юм бэ?
Тухайн зочныг оруулж ирээд магтаад байхдаа бус өөр юуг ч юм яриулж болно гэдгийг харуулахыг хүссэн.Тухайн хүний хариултан дээр тулгуурлаад таамаглал дэвшүүлээд дараагийн асуултаа өгөнгүүт таамаглал батлагддаг ч гэдэг юмуу.Түүнээс нь улбаалаад алдаж онож байснаа ярьвал түүнээсээ юу ойлгож авсан гол нь үзэж байгаа хүмүүс тэр хүний халаглаж буй ярианаас өөртөө бага ч гэсэн зүйл аваад үлдээсэй гэж зорьдогоос биш хүний мууг үзэх гээд л ухаж төнхөөд байхыг түрүүнд тавьж байгаагүй.
Итгэж мөрдлөгө болгож явдаг зүйлс байдаг уу?
Би болох ёстой зүйлс болдогоороо болж өнгөрдөгөө гэдэгт бүр зуун хувь итгэж амьдардаг.Яагаад гэхээр би 2011 онд эрүүгээ хугалчихсан юм.Тэр үедээ Монгол модель загварын агентлагт загвар өмсөнө,арга хэмжээнүүд хөтлөнө бас С1 телевизэд Монгол таавар нэртэй нэвтрүүлэг нийлүүлдэг байлаа.Тэгсэн хамгийн чухал зэвсэг болох эрүү маань хугарчихсан ажлаа хийж чадахгүй сэтгэл санаагаар нилээд унасан.Дараа нь харин хэрвээ би гарч яваад эрүүгээ биш бүр амь насаа алдсан бол яах вэ гэж өөртэйгөө ярьж өөрийгөө маш их тайвшруулснаас болоод энэ үгэнд итгэж амьдардаг болсон доо.Бас 2014 онд найз охиноосоо салсны дараагаар нэвтрүүлгээ эхлүүлж байсан.Хэрвээ тэр үед магадгүй салаагүй байсан бол нэвтрүүлэгтээ тийм чөлөөтэй яриа хөөрөө үүсгээд амжилттай явахгүй байсан болов уу гэж бодогдож билээ. Алдаа оноо, амжилт уналт бүх л зүйлс болох ёстой цагтай юм билээ.
Юуг энэ амьдралаас сурахыг хүсч байна?
Мэдээж хоёрдогч хэлтэй болох зайлшгүй шаардлагатай цаг үе ирсэн.Гэхдээ би муу хүн юм шиг хүмүүсийн сэтгэлд үлдчихгүй юмсан л гэж бодож явдаг. Даанч харамсалтай нь ихэнхдээ л муу хүн болчихоод байх юм.Бас өөрийгөө ч бодсон хүнийг ч бодсон зөв зүйл дээр үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм билээ.
Яаж зэвүүн байх уу?
Хэзээ,хэнтэй,хаана байгаа вэ? гэдгээ л мэддэг мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ л хүний хамгийн зэвүүн чанар гэж боддог. Бид боловсрол гээд л нэг талаас нь маш их яриад байдаг.Харин нөгөө талаар боловсрол гэдэг тархинд байгаа хуримтлагдсан мэдлэгээ хэзээ хаана хэнтэй,яаж гаргаж ярих вэ? гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн боловсрол юм.Сурах чинь бол процесс шүү дээ.Гол нь үр дүнгээ яаж хэрэгжүүлж байгаа нь л чухал байх.Олон сургууль төгсөөд үр дүнг нь үзэж чадахгүй байгаа нэгэн үү? Эсвэл олон төрлийн дипломгүй ч амжилттай яваа нэгэн нь зэвүүн үү? гэдэг ялгаатай. Нөгөө талаар хүмүүс маань бусдаас битгий бурууг хайж байгаасай гэдгийг бүр зорьж хэлмээр байгаа юм.Би мөнгөгүй байна,зовж байна,надад байр алга машин алга гэдэг ч юмуу иймэрхүү зүйлсээ битгийх хэт их бусадруу түлхэж өөр хүчин зүйлсээс эрж хайгаарай л гэсэн санаа юм.
Ярилцсанд баярлалаа танд
Танай хамт олонд ч бас баярлалаа.Зэвүүн онцгой байгаарай гэж хэлье дээ /инээв/.