Хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг бодлогыг чангатгах нийгмийн шаардлагын дагуу боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг болон авто тээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдэлд оногдуулах ялыг хамруулж байгааг дэмжихгүй байгаагаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр болсон байнгын хуралдаанд илэрхийлжээ.Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд төслийг боловсруулахдаа нийгмийн шаардлагаар хандаагүй, судалгаанд суурилсан гэв. Засгийн газрын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлсэн. Энэ хүрээнд
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг бүхэлд нь нэмээд, энэ төрлийн эрхийг бүх насаар нь хасна гэж Эрүүгийн хуулийн төсөлд тусгажээ.
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
- Зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасныг Б.Энхбаяр сайд танилцуулав.
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.