fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

-Ярилцлагын эхэнд та бидэнд цэвдгийн ач холбогдлын талаар танилцуулаач?
-Цэвдэг байгаль орчинд олон талын ач холбогдолтой. Ус чийгийн тэнцвэрийг ханган, гадаргын, гүний усыг тэжээж, эртний археологийн олдворыг маш сайн хадгалдаг, байгалийн хөргөгч болдгоороо эерэг нөлөөтэй. Сөрөг талын хувьд тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барилга, авто зам, шугам сүлжээг барихад цэвдгийн нөхцөлийг тооцоогүй бол тухайн байгууламжид суулт, хэв гажилт, ан цав үүсэж, ашиглалтын хугацаа богиносох, бат бэх чанар алдагддаг.

-Манай улс цэвдгийн ямар бүсэд хамаардаг вэ?  
-Монгол орны уулархаг, хуурай, гандуу бүс нутгийн цэвдэг өндөр, өргөрөг, бичил уур амьсгалын нөлөөгөөр алаг цоог хэлбэрээр тархдаг. Мөн Сибирийн цэвдэгт бүс нутгийн өмнөд захад оршдог учир тэг хэмд ойрхон, хасах температуртай. Иймд манай орны цэвдэг уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд эмзэг мэдрэмтгий учир эрчимтэй алдралд орж байна. Үүнээс гадна цэвдгийг температураар нь дулаан (-2°С-аас дээш) ба хүйтэн (-2°С-аас доош) гэж ангилдаг. Манай орон дулаан цэвдэгтэй бүсэд хамаардаг.

-Улаанбаатарын аль байршлууд цэвдэгтэй бүсэд тооцогддог вэ?
-Улаанбаатар орчмын цэвдгийн нарийвчилсан зураг хаагуур цэвдэг тархсан байгааг тодорхой харуулна. Ерөнхийдөө Сэлбэ, Гацуурт, Санзай, Тэрэлж, Ар Гүнт, Хонхор, Богд уул орчим, уулс хоорондын чийг намагтай хөндийнүүд, зуслангийн газруудад  цэвдэг тодорхой хэмжээгээр тархдаг. Эдгээр газарт барьсан замууд цэвдгийн гэсэлтийн нөлөөгөөр суусан  тохиолдлууд байна. Жишээлбэл Ар Гүнт, Санзай, Тэрэлжийн хатуу хучилттай замууд дээр.

Манай улс  12722 км авто замын сүлжээтэй. Үүний 48 хувь нь хатуу хучилттай авто зам. Хатуу хучилттай замын ойролцоогоор 1421 км нь цэвдэгтэй бүс нутгийг дайран өнгөрдөг.  
 
Сүүлийн жилүүдэд бид цэвдэгтэй бүсэд тавьсан хатуу хучилттай авто замын дагуу хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туршилт судалгаа  хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад цэвдэгтэй бүсэд тавьсан хатуу хучилттай авто зам 1-5 жилийн дараа цэвдгийн гэсэлтийн улмаас суулт, хэв гажилт, хагарал үүсэж байгаа нь ажиглагдсан.  
 
Замын гадаргад зарим хэсэгтээ 40-50 см хүртэл суусан, хот суурин, орон нутгийн замуудад үүссэн. Тухайн замаар ая тухтай зорчих нөхцөл алдагдаж, осол  гарах хүчин зүйл болж байна. Бид энэ чиглэлээр Зам Тээврийн Хөгжлийн Яам, Нийслэлийн Замын Хөгжлийн Газар, Замын Хөгжлийн Төвтэй хамтарч ажиллаж байна.   

-Цэвдэгтэй бүсэд тавьсан хатуу хучилттай зам дээр ямар хариу арга хэмжээ авдаг вэ. Мөн цэвдэгт бүсэд хамаардаг бусад улсуудын сайн туршлагын тухайд?
-Өндөр хөгжилтэй орнууд хатуу хучилттай авто замын далангийн төлөвлөлтөд  инженерийн шийдлүүдийг өргөн ашигладаг. Үүнд термосифон хоолойтой, агааржуулагчтай буюу хоолойтой, чулуун дүүргэвчтэй, сүүдэрлэгчтэй , дулаан тусгаарлагчтай далан гэх мэт.  
 
Энэ нь цэвдэгтэй хөрсөн дээр замын даланг төлөвлөхөд далангаас хөрсөнд үзүүлэх дулаан, техникийн нөлөөг бууруулах шууд болон шууд бус аргуудыг өргөн ашигладаг. Жишээ нь АНУ-ын Аляска, ОХУ-ын Сибирь, БНХАУ-ын Төвдийн тэгш Өндөрлөг, Канад гэх мэт цэвдэгтэй  орнууд хатуу хучилттай замын трассын дагуу дээрх аргуудыг хэрэглэж, асуудлаа бүрэн шийдсэн. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн гэсэлтийг хянах зорилгоор хяналтын маш олон цэг байгуулсан. Энэ нь нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой.  

Гэсэлтэд илүү өртөж буй замын зурвас хэсэгт тохирсон арга, аргачлал ашиглаж, засвар арчлалт хийснээр урсгал засварын мөнгөн урсгалыг үр ашигтай зарцуулах ухаалаг механизмыг бүрдүүлсэн.

-Зам тавихаас өмнө цэвдгийг ямар аргаар тодорхойлдог вэ?
-Цэвдгийг шууд болон шууд бус аргаар тодорхойлдог. Бид замын трассын дагуу цэвдгийн судалгаа хийхдээ нарийн хэмжилт хийж, тухайн хэмжилтийг баталгаажуулан өрөмддөг.  
 
Өрөмдлөгөөс хөрсний дээжүүд авч, тухайн хөрсний онцлог шинж чанар, цэвдгийн мөсжилтийг тодорхойлон, цэвдэгтэй хөрсний суултыг хэмждэг. Эдгээр хэмжилтийн үр дүнгээс тухайн замын трассын дагуу цэвдэг хэрхэн тархсан, цэвдгийн зузаан, мөсжилтийг тодорхойлдог.

Зам, барилгын компаниуд эхлээд инженер-геологийн судалгаа хийж, зургийн компаниуд судалгаанд  үндэслэн зургаа зурдаг. Энэ зурагт үндэслэн гүйцэтгэгч байгууллага инженерийн байгууламжийг барьдаг. Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу барьж байна.  
 
Уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг гэсэж, алдарч байгаа нь бидний судалгаагаар нэгэнт тодорхой харагдсан. Иймд зам, барилгын хуучин норм, стандартыг шинэчлэх нь зүйтэй. Цэвдэг алдралд орж, устаж үгүй болж буйн нөлөөгөөр цэвдэгтэй хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүн нэмэгдсэн.  
 
Жишээ нь инженер-геологийн судалгаагаар замын трассын дагуу 5 метр гүн өрөмддөг байсан бол одоо 10метр өрөмдөж байж тухайн хөрс цэвдэгтэй үгүйг тодорхойлох боломжтой.

-Авто замын норм стандартад цэвдгийн талаар тусгасан байдаг уу?  
-2004 онд “Авто замын уур амьсгалын геотехникийн  нөхцөл”-ийг хэвлэсэн. Уг нормд энэ талаар тусгасан байдаг. Одоогоор дээрх нормыг шинэчлэх ажил явагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд авто замын салбарынхан бидэнтэй тодорхой хэмжээнд хамтран ажиллаж байна.

2017-2019 оны хооронд “Зарим авто замын дагуух цэвдгийн судалгаа” нэртэй төсөл хэрэгжиж дууссан. Энэ төслийн хүрээнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг цэвдэгтэй бүсэд баригдсан, хатуу хучилттай есөн замд цэвдэг хэрхэн нөлөөлж буйг судалсан.

Мөн 2020 онд Нийслэлийн Замын хөгжлийн төвийн захиалгаар хэрэгжсэн, Санзайн 2.6 км урт замыг шинэчлэх ажил дээр “ХЗТ Авто зам” ХХК-ын захиалгаар тухайн замын дагуух цэвдгийн судалгаа хийж, цэвдгийн тархалтыг тодорхойлж, зөвлөмжийн хамт тайланг хүргүүлсэн. Гэвч зам баригдсанаас хойш гурван жилийн дараа буюу энэ жил очиход суулт, хэв гажилтад орж, насжилт нь богиносож, бат бэх байдал алдагдсан байна.

“ЖАЙКА”-гийн “Улаанбаатар хотын авто замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилт (овойлт)-ыг судлах, чанарыг сайжруулах” төслийг 2022 оны наймдугаар сараас гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлнэ.  
 
Төслийн хүрээнд Улаанбаатарын авто замд үүсэх овойлтын шалтгааныг тогтоож, уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэвтрүүлэх, холбогдох салбарын инженер, мэргэжилтнүүдийг мэргэшүүлнэ.  
 
Төслийн хүрээнд манай хүрээлэнд Японоос авчирсан, хөрсний овойлт хэмжих багаж суурилууллаа. Замын далангаас авсан дээжүүд дээр туршилт хийж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Таны эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье. 

Бусад мэдээ

Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр 2022-2023 онд "27 тэрбум төгрөг" төсөвлөжээ

Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр 2022-2023 онд "27 тэрбум төгрөг" төсөвлөжээ

Монгол Улсын Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр төсөвлөсөн мөнгөн дүн:20

Валютын хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буурав

Валютын хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буурав

Валютын хадгаламж энэ оны нэгдүгээр улиралд 4.5 их наяд төгрөг болж өмнөх сараас 379.3 тэрбум буюу 7

Ариунзул С.
Ариунзул С.