Монголчууд удахгүй Төмөр хулгана жилтэйгээ золгох гэж байна. Жил жилийн Цагаан сарын баярын өмнө Монгол Улсын эдийн засаг идэвхжихийн зэрэгцээ импорт ихээхэн нэмэгддэг билээ.
Тэгвэл Үндэсний статистикийн хороо Цагаан сарын баярын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хоёр дахь жилдээ судалгаа хийснээ танилцуулсан байна.
“Цагаан сар ба эдийн засаг” хэмээх уг судалгааг хийхдээ Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үзүүлэлт, Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индексийг түлхүүр үзүүлэлт болгон сонгожээ.
Судалгааны бас нэг онцлох үр дүн бол сүүлийн хоёр жилд 2017 онтой харьцуулахад Цагаан сарын баяр тэмдэглэхэд гаргадаг өрхийн бодит зардал өсөхийн зэрэгцээ иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ буурчээ. Ялангуяа, 40-49 насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал хамгийн өндөр буюу 3% нэмэгдсэн байна.
Үйлдвэрлэлийн өсөлтийн тухайд дотоодын үйлдвэрлэгчдийн хамгийн ачаалалтай үе нь Цагаан сар бөгөөд зөвхөн дээл үйлдвэрлэлийн салбарт 2020 оны Цагаан сарын баяраар 212.2 тэрбум төгрөгийн эрэлт бий болгох таамаг байна.
Ингээд судалгааны гол үр дүнгүүдээс тоймлон хүргэе.
Цагаан сар нь бусад баяртай харьцуулахад бэлтгэл их шаарддагаас гадна шинийн 1-н хэзээ болохоос хамаараад нөлөөллийг нь тооцохдоо нэг, хоёрдугаар сарын аль алиных нь үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй болдог.
Энэ баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо мөнгө барих нь түгээмэл болсонтой холбоотойгоор Цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болжээ.
Зураг 1. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө, сар бүрийн эцэст, тэрбум төгрөг
Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 2017 оны 2 дугаар сард болон 2019 оны нэгдүгээр сард хамгийн өндөр байгаа нь Цагаан сарын баяртай давхцжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас Цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадаг байна. 2019 оны 1-2 дугаар сард л гэхэд 1.04 их наяд төгрөгийг нийлүүлжээ.
Зураг 2. Арилжааны банкнуудын олгосон цалин, тэтгэврийн зээл, сараар, тэрбум төгрөг
Арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад 2017 оны хоёрдугаар сард 508 тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байжээ. Харин 2018, 2019 онуудын хоёрдугаар саруудад олгосон зээлийн хэмжээ харгалзах жилүүдийн дунджаас доогуур байгаа төдийгүй 2017 онтой харьцуулахад 2018 оны хоёрдугаар сард 335.3 тэрбум төгрөг болж 34%, 2019 оны оны хоёрдугаар сард 97.7 тэрбум төгрөг болж 80.8% буурсан байна.
Эндээс дүгнэхэд ахмад настан болоод айл өрхүүд 2017 онтой харьцуулахад сүүлийн хоёр жилд Цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багассан гэж дүгнэжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт ямар байсныг сар бүрийн үзүүлэлтээр нь тоцсон байна. Ингэхдээ Цагаан сарын баярын гол хэрэглээ болох хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өөрчлөлтийг нарийвчлан үзжээ.
Зураг 3. Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индекс, сар бүрийн өөрчлөлт
Цагаан сарын баярын бэлтгэл ид өрнөж буй үед хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 2.7-3.4 хувьтай байна. Үнийн энэ өсөлтийн 30 орчим хувийг махны үнийн өсөлт эзэлж иржээ.
Цагаан сарын баяр нь дотоодын үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын гол үе гэж хэлж болно. Энэ үеэр хэвийн боов, ааруул, чихэр, дээл, оймс зэрэг баярын үеэр хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл хамгийн өндөр байдаг.
Хүснэгт 1. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хүснэгтээс харахад Цагаан сарын баярыг угтан 2019 оны эхний хоёр сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 2017 оныхтой харьцуулбал
Харин ааруулын үйлдвэрлэл 2019 онд 57.0 тонн болсон нь 2017 оноос 4.6 хувь БУУРСАН үзүүлэлт болж байна.
Улмаар жил бүрийн гуравдугаар сард уг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл эргээд буурдаг ажээ.
Дээрх үйлдвэрлэлээс хамгийн ихээр өссөн монгол дээлний үйлдвэрлэлийг дангаар нь авч үзвэл сүүлийн гурван жилийн хугацаанд, тэр дундаа Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр эрчимтэй үйлдвэрлэж байгааг дараах зургаас харж болно.
График 1. Монгол дээлийн үйлдвэрлэл, сараар, ширхэг
Эх сурвалж: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын сарын мэдээ
Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдгийг хүн бүр мэднэ. Бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг багтдаг.
Зураг 5. Өрхийн бор идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, зах зээлийн дундаж үнэ, төгрөг
Тайлбар: ¹ ҮСХ, Хэрэглээний үнийн мэдээ
² 2020 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар, чанах үнэ орсон
³ Дундаж орцын хэмжээнээс хамааруулж тооцоолсон
Нэг өрхийн бор идээний хэрэглээ 2020 онд дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56% -ийг хонины ууцны зардал эзлэхээр байна.
Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ 2020 онд дунджаар 299.2 мянган төгрөг байх төлөвтэй байна.
Хүснэгт 2. Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ
Гарын бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт, мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, торго, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг хэвээр байсаар байна.
Хүснэгт 3. Гарын бэлэг, бүтээгдэхүүний төрлөөр, зах зээлийн дундаж үнэ
Тайлбар: Үндэсний Статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийн тооцоонд ашигладаг, хэрэглээний сагснаас гарын бэлэгт бэлэглэж болохуйц бүтээгдэхүүнийг нэр төрлөөр зах зээлийн дундаж үнийг харуулав.
Дээрх гурван төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ, гарын бэлэг, баярын гоёлын нийлбэр дүнгээр нэг өрх 2020 оны цагаан сарын баярт дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна.
График 2. Нэг өрхөөс цагаан сар тэмдэглэхэд гардаг дундаж зардал, мян.төг
❖ Нэг өрхөөс Цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2018 онд 814.2 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 71.7 мянга буюу 9.7 хувиар нэмэгдсэн байна.
❖ 2018 онд инфляцын түвшин 8.1 хувь байсан ба өрхийн зардлаас үнийн нөлөөллийг арилган тооцвол өрхийн бодит зардал 2017 оноос 1.4 хувиар нэмэгдсэн байна.
Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл:
График 3. Нэг өрхийн хүнсний дундаж хэрэглээ, 2018 оны сар бүрээр, мян.төг
Эндээс үзэхэд 2018 онд өрхийн зардлыг үнийн нөлөөлөл арилган тооцоход насны нийт бүлэгт 6.9- 11.3 хүртэл хувиар өсжээ.
Зураг 8. Нэг өрхийн “Цагаан сарын баяр”-ын хүнсний хэрэглээний өсөлт, бусад сарын дундажтай харьцуулснаар, хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүний хувьд
Нэг өрхийн зарцуулж буй хүнсний зардал нь хоёрдугаар сард бусад саруудаасаа өсдөг хүнсний бүтээгдэхүүнийг харахад айраг, вандуй, майонез, өргөст хэмх, архи, хөлдөөсөн бууз баншны хэрэглээ хамгийн өндөр буюу 2-4.3 дахин нэмэгддэг байна.
Гэхдээ энэ жилийн Цагаан сарын тухайд манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан үйл явдал давхцаад буй. Тиймээс вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс хилийн боомтод зарим хязгаарлалтыг хийж, иргэд хувийн ажлаар зорчихыг хориглосон бөгөөд Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар нийтийн золголтыг хориглож, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргаад байгаа билээ.