Сумдад соёлын төв асуудал өмнөх жилүүдэд ч маргаан дагуулдаг байв. Ирэх онд 18 соёлын төв барих Соёлын яамны энэ шийдвэрийг эдийн засагчид энэ удаад ч шүүмжиллээ. Соёлын сайд Ч.Номингийн багцад 132 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэмээн тусгажээ. Үүгээр 18 суманд соёлын төв болон музей, театр байгуулна.
Эдийн засагч Н.Энхбаяр “Мэргэжлийн хүмүүс долоон бүлэг үзүүлэлт бүхий шалгуураар хөрөнгө оруулалтын төсөл тус бүрд оноо өгч, ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Сангийн сайдын баталсан энэ журмыг Сангийн яам мөрдсөнгүй. Хэрэв мөрдсөн бол ийм олон Соёлын төв барихгүй. Огт барьж болохгүй гэж би хэлэхгүй. Гэхдээ Соёлын төвүүдийг олноор барих цаг мөн үү? Эдгээрийг барьснаар цаашид цахилгаан, дулааны зардал нь өснө.
Үнэхээр соёлын төв хэрэгтэй гэвэл зөөлөн сандалтай, танхимууд биш хүний хөгжлийн төвүүд барих нь зөв.
Соёлын тухай хуульд 6-7 үйлчилгээг үзүүлэхээр заажээ. Сумын соёлын төвүүд 2-3 үйлчилгээг л үзүүлдэг. Хөдөөгийн айлууд бүгд хиймэл дагуулаар телевиз үздэг болсон. 1990 оноос өмнө Соёлын төвүүд чухал байсан ч одоо иргэд интернет гэх мэт өөр сувгаар мэдээлэл авах, соёлын хэрэгцээгээ бусад эх үүсвэрээс хангах боломжтой. Драмын театрынхан сумын Соёлын төвд очиж тоглох юм уу?
Үнэхээр соёлын төв хэрэгтэй гэвэл зөөлөн сандалтай, танхимууд биш хүний хөгжлийн төвүүд барих нь зөв. Тэнд жижиг номын сантай, уулзалт зохион байгуулах өрөөтэй гэх мэтээр илүү олон ашиглаж болохуйцаар барих нь зөв” гэв.
Засгийн газар, Олон улсын валютын сангийн хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Сангийн яам “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох үйл ажиллагааны журам, аргачлалууд”-ыг боловсруулсан.
Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд шинжилгээ хийж, шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, эрэмбэлсний үндсэн дээр төсвийн төсөлд тусгаж байхаар аргачлалыг анх удаа боловсруулжээ.
Аргачлал батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлнэ.