Санхүүгийн зохицуулах хороо орон нутгийн төлөөлөгчдөдөө зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхансургалтыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарыг анх хариуцаж байсан бол холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэнээр өнөөдөр нийт 11 салбарын 6000 гаруй зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна.
Энэ хугацаанд бид санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг нь олшруулах, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангуулах хүрээнд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд нэлээдгүй өөрчлөлт, ахиц дэвшил гарлаа. 2011, 2012 онд зах зээлийн үнэлгээ 3 орчим их наяд төгрөг байсан бол өнөөдөр 10 их наяд гаруй төгрөгт хүрч, зах зээл дээр 70 гаруй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрээд байна. Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаандаа хангах, санхүүгийн зах зээлийг ийнхүү хөгжүүлэхэд орон нутаг дахь зохицуулалтын байгууллагууд, иргэд олон нийтэд гүүр нь болж өгдөг төлөөлөгчид та бүхний оролцоо өндөр байсан” гэдгийг онцлоод нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр олон улсын байгууллагууд манай улсын санхүүгийн зохицуулалтын үйл ажиллагаанаас төвлөрөл буюу нэгдсэн дата мэдээлэлтэй байхыг шаарддаг. Өндөр хөгжилтэй орнуудад дата мэдээллийн нэгдсэн төвийг нь хяналт зохицуулалтын байгууллага буюу манайхтай чиг үүрэг ижил байгууллага нь хариуцдаг. Иймд бид энэ чиглэлд хүрэх зорилго тавин ажиллаж байгаа тул төлөөлөгчдөө чадавхжуулах шаардлага тулгарч байгаа гэдгийг онцолсон юм.
Сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 60 гаруй төлөөлөгч оролцож хорооны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санхүүгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалт болон сэндбокс орчны танилцуулга, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зэрэг хорооны зохицуулалтын салбаруудын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо