Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам долоон өдрийн турш БНХАУ-д зохион байгуулагдаж өнгөрсөн амралтын өдөр хаалтаа хийв.
Энэ удаагийн Азийн пара наадамд манай улсын 68 тамирчин 14 спортын төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. Нийт 44 орны баг тамирчид өрсөлдсөн тус наадамд монголчууд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 20 дугаар байрт эрэмбэлэгдэв.
Тэгвэл БНХАУ 214 алт, 167 мөнгө, 140 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус пара наадмыг хошуучилсан. Харин Бүгд Найрамдах Йемен Улс жүдогийн төрөлд нэг хүрэл медаль хүртсэнээр сүүл мушгилаа.
Монголын пара спортын тамирчид "Гуанжоу" 2010 Азийн пара наадамд анх удаа оролцож байсан бөгөөд "Инчеон" 2014 наадамд 11 медаль хүртсэнээр дээд амжилт тогтоож байжээ.
Таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэв.
Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Баттөгс Узбекистаны бөх Абдиев Турганыг ялж хүрэл, эмэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Л.Туруунаа Энэтхэгийн бөх Салаве Ренука Нараянтай барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль хүртэв.
Хөнгөн атлетикийн F-40 бөөрөнцөг түлхэлтийн эрэгтэй ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд манай улсын тамирчин У.Сүрэнжав БНХАУ-ын Шау Чиантай тулалдаж 9:10 онооны харьцаатайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчин Утепов Ерлантай барилдаж үндсэн цагт цэвэр ялсан.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг шахсанаар мөнгөн медаль хүртсэн юм.
Зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд ОУХМ Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ.