Монголбанк I-X сард алт, мөнгө худалдан авахад 2.189 их наяд төгрөг төлснөөс есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ.
Монголбанк оны эхнээс аравдугаар сар дуусталх хугацаанд 14.2 тонн үнэт металл худалдан аваад байгаагаа мэдээллээ. Үүнээс 10.4 тонныг аж ахуйн нэгжүүд, 3.78 тонныг иргэд тушаасан байна.
Зөвхөн аравдугаар сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 0.86 тонн байсан бөгөөд үүнийг оруулан тооцсоноор оны эхнээс 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Нийт худалдан авалтын 2.57 тонныг Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн тушаалт бүрдүүлж байна.
2023 оны I-X сард Монголбанк алт болон мөнгө худалдан авахад нийт 2.189 их наяд төгрөг төлснөөс есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ.
Тайлант хугацаанд худалдан авсан үнэт металлыг сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, 2024 онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаагаа мэдээлж байв.
Аравдугаар сард олон улсын зах зээлийн ханшаар тооцсон алт худалдан авах дундаж ханш 211 мянга 511 төгрөг байсан байна. Өнгөрсөн сард олон улсын зах зээлд алтны спот ханш ес орчим хувиар өссөн бол мөнгөний ханш 8.24 хувиар өсжээ.