Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй Ногоон нуур 1,008 айлын 21 давхар найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусжээ.
Уг төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллаж байгаа аж.
Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК ажиллаж, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах юм байна.
Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад "Ногоон нуур 1,008 айлын орон сууц"-ны төслийн барилгын ажлын чанар, хяналтын тогтолцооны талаар танилцуулсан байна. Зургийн зохиогч гэрээний дагуу байнгын хяналтыг тавьж байгаа гэдгийг холбогдох албаныхнаас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-д уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлээд байгаа аж.
Нийт 84,833 м.кв талбайтай уг хороолол нь:
Иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 м.кв хоёр өрөө бүхий зургаан айлтай нийт 1,008 айлын цогцолбор хороолол болж босохоор төлөвлөгдсөн юм байна.